Өнөөдөр Монголд амьдрал хэр бараан болж, уруудаж байгааг ярьж, бичихэд хүртэл зарим талаар “үг мухардах” юм. Үндэсний статистикийн хорооноос тогтоосон, Монгол Улсын амьжиргааны доод түвшин гэх ганцхан тоо монголчууд бид хэр зэрэг тэсвэрлэн амьдарч байгааг илтгэхэд хангалттай. Энэ оны эхээр шинэчлэн тогтоосон эл үзүүлэлт нийслэл болон бүс нутгуудад 238 800-277 800 төгрөг байна. Дахиад нэг тоо хэлэхэд, манайд цалин хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Өнөөгийн ханшаар барагцаалбал 134 ам.доллар буюу хөгжингүй зарим орны үнэлгээгээр бол ганц цагийн ажлын хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөөр сарынхаа хөдөлмөрийг “үнэлүүлдэг” гэсэн үг. Бодит байдал ийм л байна.
Гэтэл өнөөдөр улсаа удирдаж, бодлого тогтоох түвшинд ажиллаж буй дарга, даамлуудын үг, үйлдэл нь иргэдийн амьдрал, ахуйгаас тасарч, улам “дээшилж, дэвшсээр” байгааг ойлгоход зарим талаар “ухаан хүрэхгүй” юм. Нэг сард 420 мянган төгрөгийн цалингаасаа улсад татвар, татаасаа өгч, тэнгэрт тулсан үнээр хоол, хүнсээ авч, түүнийгээ хүргэж чадахгүй хоосон хонохдоо тулж яваа иргэдээ манай дарга нар хэрхэн басамжилдгийг цөөхөн жишээгээр хэлье.
УИХ-ын даргын хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.доллар “байгааг” 6000-д хүргэх “том зорилго өвөртөлчихсөн” яваа. УИХ, Засгийн газрын гишүүд дунд дарга шигээ ийм итгэл, үнэмшилтэй нь цөөнгүй. Үүнийгээ ярьж хэлж буйгаараа илтгэчихнэ. Тэд Г.Занданшатар даргынхаа “статистикт” итгэж, иргэдийг хангалуун амьдардаг, олон улсын жишгээс хамаагүй доогуур үнээр хоол, хүнсээ авдаг гэж зандраад сууж байна. С.Бямбацогт гишүүн бүр Герман дахь хүнсний үнийг Монголынхтой харьцуулж ярихдаа цалин хөлсний ялгааг бодолцоогүй нь илт. Уг нь ерөөлтэй ч юм шиг, монголчуудын амьдрал дэлхийн түвшинд харьцуулагдах хэмжээнд хүрчихсэн гэж бодоход. Гэхдээ бодит амьдралтай авцалдах нь үгүй болохоор үүнийг доромжлол гэхээс аргагүй.
Х.Болорчулуун гишүүн бас “Монголчууд хамгийн хямдхан хүнс хэрэглэдэг” гэснээ талхны үнийг тааж “тоглосон” нь саяхан. Мэдэхгүй байж болно, харин мэддэг юм шиг битгий ярь. “Ер нь цаад, наад учрыг нь мэдэхгүй бол элдэв юм битгий ярьж цэцэрхэж бай” гэж захиж хэлмээр хүмүүс манай төр, засгийн түвшинд дүүрэн болсон нь харамсалтай. Талх, мах, өндөг, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ мэдэхгүй хэрнээ иргэдийг их идэж, өндөр хэрэглээтэй байна гэж шүүмжилдэг албан тушаалтнуудыг бодит амьдралын тогоонд “буцалгах” юм сан. Ингэж мэдэмхийрч, өөрийн амьдрал, харах өнцгөөс бүгдийг бодож, сэтгэдэг дарга, даамлуудаас гадна ярьж буйгаа буруу тайлбарлаж, төөрч будилаад хүмүүсийн дургүйг хүргэдэг нь ч бий. Жишээ нь, “Иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр амьдарч байна” хэмээн өрөвдөж халаглах шахам ярьсан УИХ-ын гишүүн Н.Учрал сүүлийн үед нийгмийн сүлжээгээр нэлээд “донгодуулав”.
Удалгүй араас нь УИХ-ын гишүүн П.Анужин түүчээлэх нь тэр. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр хөмсгөө зангидаж байгаад л “Гишүүд яагаад хуралдаа суухгүй байгаа юм. Ард түмэн инээсэн цагт бид инээх ёстой” зэргээр аашилсан. “Би эмнэлэгт, сэхээнд хүүхдээ гурав хоног сахиад ажилдаа ирлээ. Гэрийнхээ цонхоор тойргийнхоо асуудлыг харчихаад УИХ-ын чуулган дээр ганган асуулт тавих нь нэг хэрэг. Сэхээний тасгаас хүүхдээ сахиж байгаад ажилдаа ирэх нь өөр асуудал” гэхчлэн бухимдах тэрбээр анх удаа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үзсэн мэт, өмнө нь ажил ийм байдлаар ирц бүрдэхгүй явж ирснийг огт мэдээгүй юм шиг аягласан нь үнэндээ сонин байлаа. Ирц бүрдээгүй гээд бухимдаад байна уу гэтэл өөрийн үгийг үгүйсгэж “Ирц шахсанаар юм сайхан болдоггүй” гэчихсэн. Нөгөөтээгүүр, “Эмнэлэгт амьсгал нь давхацсан хүүхдээ ээж, аав нар нь тэврээд яахаа мэдэхгүй сууж байна. Яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бэ” гэж загнасан нь Хүүхдийн эмнэлгийн ачааллын талаар ямар ч мэдээлэлгүй байснаа “гайхуулах” шиг болов. Уг нь УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд хүүхдийн эмнэлэг, тэдний өсөж, бойжиж буй орчин нөхцөлийн талаар, нийгэмд тулгамдсан асуудал нь юу байгааг судалсан, мэдсэн байх учиртай. Тэрбээр энэ өдөр ийнхүү үг хэлэхдээ камерт зориулан дүр бүтээгээд байх шиг санагдав. Ялархсан өнгө аястай, загнасан төрх байдалтайгаар “Ард түмэн зовж байна” гэж үгээ дуусгасан нь ч “попрох” хандлага уу гэж хардахаар. Үгүй бол уучлаарай, гэхдээ иргэд ч ийм утга, агуулгаар “жиргэж” байна.
Ер нь камерын өмнө ингэж “иргэдийн төлөө шатаж”, уурлаж, ангийн хамт олноо загнадаг хэв маягийн хамгийн том төлөөлөгч нь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат. Дэндүү чухал царайлж загнаад, эсвэл марзан юм яриад байдаг тэрбээр заримдаа их болчимгүй “мэдэгдэл” хийнэ. Өнгөрсөн өвөл иргэдэд мөнгө тарааснаа зөвтгөж “Тэр Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө чинь хувь хүний асуудал. Лаа иднэ үү, лууван иднэ үү хэнд ч хамаагүй” гэж байлаа. Үнэхээр л хувь хүн лаа иднэ үү, лууван мэрнэ үү хэнд хамаатай вэ. Гэхдээ төр түшилцэж байгаа нэгнийг хувь хүн талаас нь хардаггүй. Угаас улс төрд орж, тодорхой албан тушаал хашиж, иргэдийн төлөөлөл болсон хэн бүхэн нийгмийг манлайлах, зөв чиглүүлэхэд түүчээлэх учиртай. Энэ л утгаар нь үгээ бодож ярь, өгүүлэх зүйлээ тодорхой болгож, цэгцтэй бай гэж шаардаад байгаа хэрэг.
Ийм маягаар манай дарга нарын дунд бодитоос тэс хөндлөн зүйл ярьдаг моод дэлгэрсэн мэт ээлж дараалан элдэвлэх нь сүүлийн үед эрс нэмэгдэв. Нийгмийн бухимдлыг дэвэргэх нэг хөшүүрэг нь амьдралаас тасархай улстөрчдийн болчимгүй үг, зориуд будилдаг явдал байдгийг олон улсын судлаачид тэмдэглэжээ. Энэ сарын эхээр төв талбайд сайн дураараа нэгдэн жагссан монгол залуучууд маань үүнийг баталсан. Гэсэн ч манай “дээдчүүл” үг хэлээ хянадаггүй зоргоороо авираасаа салах шинжгүй нь. Эсвэл ийм тактикаар ажиллах сонирхолтой, ингэснээр олны анхааралд өртөж, камерын гол баатар болох гэдэг юм уу.
Өнөөдөр монголчууд бухимдуу байна. Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байгааг илтгэх эмгэнэлт явдал, гэмт хэрэг тасрахаа болив. Байсхийгээд л хүчирхийллийн тухай хар мэдээ, олны өмнө өөрийгөө шатаасан уйтай явдал, дээр, дооргүй хэрүүл, тэмцэл, Монголоос илүү цалин, хангамжтай бол хаашаа ч хамаагүй явах хүсэлтэй залуучууд гээд тоочвол бухимдал л нэмэгдэнэ. Ийм үед төр, засгийнхан, албаныхан амьдралаас тасархай тансаг гэдгээ гайхуулж, дураараа чалчиж, нийгмийг улам бухимдуулмааргүй байна. Хашиж буй ажил, албаныхаа утга учрыг ойлгож, нийгэм, иргэдийн нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаж, буурьтай, хариуцлагатай, соёлтой, ёс зүйтэй байж суръя.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэж хэлсэнд иргэд бухимдсаар буй. Энэ талаар нийгмийн сүлжээгээр бөөн “тулаан” болсон. Үүний хариуд тэрбээр “Би иргэдийг л хэмнэх хэрэгтэй гэж хэлээгүй. Миний ярианаас нэг хэсгийг нь тасалж аваад буруу ойлголт төрүүлжээ. Уг нь хаана хаанаа хэмнэх хэрэгтэй гэсэн санаатай үг хэлсэн” гэж өөрийгөө өмөөрсөн. Угтаа бол иргэдэд хандаж хэмнэх, гамнах тухай хэлэхээсээ өмнө төрийн данхар бүтэц, Засгийн газрын олон орлогч сайд, даргын цалин, УИХ-ын гишүүдийн хангамж, хууль санаачлах үндсэн ажлаа хийснийх нь төлөө их хэмжээний мөнгөөр урамшуулдаг байдлаа халах зэргээр дээрээсээ хэмнэлтийг бодитоор эхлүүлж үлгэрлэх ёстой. “Засгийн газар бүхнийг чадагч бурхан биш. Төсөв мөнгө нь хязгаартай. Олж байгаа хөрөнгө, гадаадаас орж ирэх валютын хэмжээ хязгаартай” гэж иргэдэд томорч, хашхираад байсан спикер үнэн хэрэгтээ үрэлгэн байхын үлгэр жишээч нэгэн. Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан Тамгын газрын дарга нарынхаа цалинг “чимээгүйхэн” нэмчихсэн тэрбээр өнөөдөр иргэдийг хэмнэхийг шаардаж байгаа нь улстөрчийн суурьгүйгээ харуулсан хэрэг. Хэмнэх хэрэгтэй гэсэнд нь бухимдаж, өширхөөд байгаа юм биш гэдгийг спикер эрх биш гадарлах буй за. Төрийн түшээ хүн худал хэлж, болчимгүй загнах нь хариуцлагагүй явдал гэдгийг л сануулах гэсэн юм.
Философич, лектор С.Молор-Эрдэнэ “Улс төрд өндөр боловсролтой, сэхээтэн, шилдэг нь орж гэмээнэ биднийг зөв удирдах ёстой. Үндсэн хуульд хариуцлагатай албанд боловсролтой хүн томилох тухай заалт алга. Тиймээс өнөөдөр төрд дампуурал нүүрлэчихээд байна” гэснийг сануулахад бас илүүдэхгүй буй за. Энэ үгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд дамжуулъя. Бүхэл бүтэн улсын чухал бодлого “атгадаг” яам удирддаг тэрбээр Орос, Украины дайныг олз, ашиг болгон харж, сэтгэсэн хувийн бодлоо хашиж буй албаныхаа нэрийн өмнөөс цацчихсан бөх зүрх, молхи ухаантай хүн. Хэрэв улс төрийн өндөр соёлтой улсад нэг сайд нь ийм хариуцлагагүй мэдэгдэл хийвэл огцрох нь гарцаагүй.
Энд хөндөх өөр нэг асуудал нь төр, засгийн хариуцлагатай алба хашиж буй, тодруулбал, сайд, Тамгын газрын дарга гэхчлэн өндөр албан тушаалтай хүмүүс албаны мэдээллийг хувийн цахим хуудас, нийгмийн сүлжээгээр цацдаг муу жишгийг халъя. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин нар үүнд гаргууд. Албан үүрэгтэй нь холбоотой, эсвэл Засгийн газрын шийдвэрийг хувь иргэнийхээ нэр, хаяг бүхий цахим хуудсаар дамжуулан мэдээлснээ ажил хийж, албан мэдээлэл түгээлээ гэж эндүүрэх нь үнэндээ “түүхий” байгаагийн илрэл юм. Жишээ нь, өнгөрсөн хоёрдугаар сард А.Ариунзаяа сайд хүүхдийн мөнгөний талаар хувийн цахим хуудсаараа зарласан. Ингэхдээ “Амласан ёсоороо өнөөдөр хүүхдийн мөнгө олгож эхэллээ” гэсэн байв. Болоогүй ээ, бас “хөөрхөн” зургаа тавьсан юм. Уг нь Засгийн газрын ажил болохоос энэ эмэгтэй өөрийн халааснаас гаргасан, өгнө гэж амласан мөнгө биш. Ингэж албаны ажлыг өөрт хамаатуулан, хувийнхаа хаягаар цацаж байгаа нь илтэд сурталчилгаа болж буйг эрхбиш мэдэх л учиртай. Улсын ажлыг улс төрийн карьераа өсгөх “шатаа болгож” буй түүнийг иргэд шүүмжилж “төөрөгдөл үүсгэлээ” гэж бухимдахад тэрбээр хувийн араншингаараа хандаж, унтууцсан юм даг. Хувь хүнийхээ хаягаас юу хэлж, ярих нь хэн хамаатай вэ гэж бодож болох ч хамгийн гол нь албаны мэдээллийнхээ доор “Яадаг юм. Би угаасаа сошиалаар мэдээлэл хүргэдэг. Барьж ид” зэргээр ёс зүйгүй авирласан нь юун дээр алдав гэдгээ ухамсарлахгүй байгаагийнх нь илрэл. Тухайн яамны хаягтай цахим хуудсаар уг мэдээллийг түгээсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан нь лавтай. Гадаадын өндөр албаны хүмүүс энэ мэтээр цахим сүлжээгээр ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээлэл түгээдэг. Гэхдээ тэдний хаягийг сайн анзаараад үзээрэй.
Эцэст нь өгүүлэхэд, ёс зүйг үл ойшоож, иргэдийг басамжлан дуртайгаа чалчдаг улстөрч, дарга нарт хариуцлага тооцдог болмоор байна. Эс бөгөөс ард иргэдийг үгээр хүчирхийлдэг, доромжилдог жишиг тогтож, цаашлаад улам батжин бэхжих нигууртай. Нөгөөтээгүүр, нийгмийн амьдралыг огт мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, судалдаггүй, уншдаггүй, тэр хэрээр молхи аашилдаг дарга нар биднийг удирдаж байгаа цагт улс төрийн, албан тушаалтны, ажил алба гүйцэтгэх наад захын соёлгүй “болчимгүй” үйлдлүүд тасрахгүй нь лавтай.
Бэлтгэсэн Ж.Эрдэнэ