Улс орон бүрт жуулчдад зориулсан, халаасыг нь “нимгэлдэг” гудамж, талбай гэж бий. Харин манайд яг ийм зориулалттай албан ёсны гудамж байдаг нь иргэдийн нэрлэж заншсанаар Урт цагаан юм. Худалдаа, үйлчилгээний эл төвийг нийслэлийн өмч (III байр)-д шилжүүлээд удсан ч хугацаа өнгөрөх тусам мартагдаж, гээгдсээр өдгөө “эзэнгүй балгас” болон хувирав. Тиймээс иргэд хотын төвд, тэр дундаа Жуулчны гудамжинд ийм өнгө, үзэмжгүй барилга байлгаснаас нураагаад шил, толь болсныг сүндэрлүүлье гэх. Хотын удирдлага ч Урт цагааны барилгыг дахин төлөвлөх болж, 2020 оны тавдугаар сард зураг төсөл сонгон шалгаруулсан. Үүнээс хоёр сарын дараа I блок буюу спорт хэсгийг нь нурааснаар Жуулчны гудамжийг гоё болгох нь гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүссэн билээ. Харамсалтай нь, бөөрөө цөмлүүлсэн Урт цагааны барилгыг өнөө хэр нь тордож, өнгөлсөнгүй. Бүр ямар ч арга хэмжээ авалгүй тартагт нь тулгаад хаяв.
Дэлхийн хэмжээнд цар тахлын дараах амьдрал идэвхжиж, улс орнууд хорио, цээрээ цуцлан, аялагчдын урсгал нэмэгдэж буй энэ үед манайх л ноорхой барилгатай Жуулчны гудамжтай хэвээр. Ингэж хэлсний учир нь өчнөөн жил өөд нь татаагүй уг барилгыг ганц, хоёрхон сарын дотор “төрөл арилжуулна” гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй биз ээ. Харин бид цаашид хэрхэх вэ. Урт цагааны барилгыг хэвээр нь үлдээн, засаж сайжруулах ёстой юу. Эсвэл бүрмөсөн нурааж, шинэ зураг, төслийнх нь дагуу барих уу гэдэгт олон нийт хариулт нэхсээр. Тэгвэл Урт цагаан худалдаа, үйлчилгээний төв үүссэн түүх, барилга байгууламжийнх нь үнэ цэнийн талаар өгүүлэх эл товч мэдээллийг уншаад иргэд яах ёстойг нь дор бүрнээ тунгаах буй за.
Урт цагаан нь 1778 онд Их хүрээ одоогийн байршилд суурьшихад үүссэн худалдааны анхны гудамжны тууринд бий болжээ. Үүнийг “Хүрээний зах зээл нь түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байсан” хэмээн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тиймдээ ч 2015 онд НИТХ-аас Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийг нийслэлийн соёлын өвд бүртгэн, нураахгүй байхаар шийдвэрлэсэн аж.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Жуулчны гудамж, худалдаа, үйлчилгээний энэхүү барилгын үүх түүхийг ярив. Тэрбээр “Жуулчны гудамж нь одоогийн Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш “Туул” ресторан, Урт цагаан, Шар дэлгүүр, Гандан хүртэл үргэлжилдэг байсан түүхтэй. Монголоос гадна энд Хятад, ОХУ, Британи, Япон, Төвөд зэрэг улс орны пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байв. Энэхүү гудамжинд Их хүрээний нэг, Нийслэл хүрээний хоёр, социализмын үеийн түүхэн долоон барилга бий. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны хэмээн нэрлэсэн. Харин худалдааны Урт цагаан төв нь Монголын орчин үеийн загвартай анхны барилгуудын нэг юм. Энэхүү барилгыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөө (1954-1961 он)-ний дагуу Монголын хоёр дахь архитектор Б.Дамбийнямын зураг, төслөөр 1958 онд суурийг нь тавьж, Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга нэрээр 1961 онд ашиглалтад оруулсан. Тэр үедээ л уг барилга нь Улаанбаатар хотын хамгийн урт, цагаан нь байсан учраас иргэд, олон нийт тийнхүү Урт цагаан хэмээн нэрлэж заншсан. Эл нэрийг хотын оршин суугчид өөрсдөө өгсөн гэсэн үг. Хуучин худалдааны гудамж дахь захын ил наймааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, хамтын аж ахуйд нэгтгэх зорилгоор Үйлдвэр, хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга буюу Урт цагааныг байгуулсан нь энэ. Уг барилга нь гэр ахуй, хүнс, барааны төрөлжсөн дэлгүүр, засвар, үйлчилгээний төрөл бүрийн байруудаас гадна ресторан, үсчин, гэрэл зургийн газар, биеийн тамирын заал, алт, мөнгөний дархны зэрэг өрөө, танхимаас бүрдэж байв” гэж ярилаа.
Хэдэн жилийн өмнө гэхэд л жуулчдын аяллын чиглэлд Урт цагааныг заавал оруулдаг байж. Учир нь Улаанбаатар хотын гурван өөр цаг үе (Их хүрээ, Нийслэл хүрээ, социалист Улаанбаатар)-ийн түүх, архитектурын дурсгалт барилгуудын цогцолборыг тус гудамжнаас харах боломжтой байж. Тиймээс л архитекторууд Жуулчны гудамж, тэр дундаа Улаанбаатар хотын түүхэн ой санамжийг гэрчлэх цөөхөн дурсгалт газрын нэг болох Урт цагааныг нураахыг эсэргүүцсээр буй.
Г.Очбаяр хэлэхдээ “Урт цагааны одоогийн загвар, төрхийг 2020 онд шалгаруулсан зураг төслөөр өөрчилбөл бид хотынхоо ой санамж, дурсамжийн нэг хэсгийг алдах болно. Учир нь тус газар бол хотын иргэдийн байршил заасан онцгой нэр. Үүнээс гадна барилгыг барихдаа Монголын уламжлалт архитектурын элемент (сүм, хийдийн зохиомж, гонх буюу саравч, цонхны хуваалт)-үүдийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан нь дахин давтагдашгүй болгосон гэж үздэг. Барилгыг нь нураавал 2015 онд гаргасан соёлын өвөөр бүртгэх захирамжаа хот өөрөө зөрчинө. Тиймээс Жуулчны гудамжийг түүх, дурсгалтай нь авч үлдэх ганц арга нь барилгыг засаж, сайжруулан тордох, эсвэл үндсэн загварыг хадгалан шинэчлэн барих” гэв.
Дээр дурдсанчлан Урт цагаан худалдаа, үйлчилгээний барилгын спорт танхимтай хэсгийг нь буулгаад хоёр жил орчим боллоо. Харин цаашид хэрхэх, эсэхийг нь хотын удирдлагаас тодруулах гэсэн боловч мэдэх хүн одоогоор алга гэв. Энэ талаар яриа өгөх эрхтэй ганц хүн байдаг ч хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад нь уламжлаад тусыг эс олсон.
Баримт харвал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны зургадугаар сарын 25-ны 28/13 тоот тогтоолоор, “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийн 2.6.1-т Урт цагааныг тусгай хамгаалалтад авах барилга, байгууламж хэмээж, улмаар нийслэлийн хамгаалалтад авна гэж нарийвчлан заажээ. Тус баримт бичигт түүх, архитектурын дурсгалт барилгуудыг хадгалж үлдээх зарчмыг тодорхойлохдоо “Улсын хамгаалалтад авах барилгыг “хадгалан үлдэх”, нийслэлийн хамгаалалтад авахыг нь “шинээр сайжруулах”, дүүргийн хамгаалалтад авах бол “дахин төлөвлөх” гэж тодорхой тусгасан байна. Мөн Оновтой төлөвлөлтийн шийдэл (4.1.4)-д нийслэлийн хамгаалалтад авах барилгуудыг I, II зэрэглэл хэмээн хувааж, Урт цагааныг II ангилалд хамааруулжээ. Эл заалтаар бол улсын болон нийслэлийн II зэрэглэлийн хамгаалалт бүхий барилга, байгууламжийг “хэвээр хадгалах”, хэрэв буулгах шаардлагатай бол хуучин өнгө төрхийг нь хадгалсан барилга шинээр барина гэжээ.
Одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөж буй эдгээр тогтоол, шийдвэрээр бол Жуулчны гудамжны үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн, тэр дундаа II зэргийн хамгаалалтад авах, шинээр сайжруулах бол “хэвээр хадгалах” зарчим баримтлах юм байна. Гэвч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 онд зарласан Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар, зураг, төсөл боловсруулах уралдааны журам нь өмнөх тогтоол, шийдвэрүүдээ зөрчсөн нь ийнхүү ил болжээ. Өөрөөр хэлбэл, Урт цагааныг буулган, дахин төлөвлөх бус, “барилгыг хадгалах”, “фасад өнгө төрхийг нь хэвээр үлдээх” зарчмаар зураг, төслийг сонгон шалгаруулах байж. Гэтэл нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн 28 бүтээлээс гурвыг нь шилдгээр шалгаруулж, шагналыг хуваан олгосон юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс 3-4 нь л барилгыг хэвээр хадгалах замаар сэргээн засварлах үндсэн зорилгоо биелүүлсэн ч шилдгээр шалгаруулаагүй аж.
Урт цагаан худалдаа, үйлчилгээний барилгыг эдүгээ шилдэг зураг, төслөөр шинэчлэх, эсэх нь энэ мэт тодорхойгүй. 2015 онд баталсан тогтоол, шийдвэрийн дагуу сэргээн засварлах, үгүй нь ч мэдэгдэхгүй. Үйл ажиллагааг нь зогсоох гэхээр түрээслэгчидтэйгээ шүүх, цагдаадаа тулчихдаг, ийм нэг завхарсан байдалтай л жуулчны улирлыг дахиад угтах нь дээ.
Бэлтгэсэн О.Бат-Ундрах