Залуус өчигдөр төв талбайд "Монголдоо сайхан амьдармаар байна" хэмээн тайван жагсаал хийсэн. Шөнийн 03.40 цагт цагдаагийн алба хаагчид иргэдийг албадан тараасан. Ингэхдээ 18 орчим иргэнийг түр саатуулж, зарим хүнд хүч хэрэглэн, биед нь халдсан байдаг. Харин өнөөдөр залуус баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан. 13.00 цагт Ерөнхий сайд төв талбайд гарч ирэн залуустай уулзахдаа "Иргэдийг саатуулж, шалгаад тараасан гэх мэдээлэл авсан. Сулласан гэдэг нь худал бол хариуцлага тооцно. Х.Нямбаатар сайдыг дуудъя. Та бүхэн өөрөөс нь асуу" гэлээ. Үүний дагуу Х.Нямбаатар сайд гарч ирсэн юм. Тэрбээр "Залуусын дунд "Долдугаар сарын 1" болгох уу гэж орилох хүн олн байсан. Үүнээс үүдэн залуусыг тараасан. Ингэхдээ залуусыг зодсон гэх цагдаа нарт албаны шалгалт хийж байна. Шалгалтын дүнг удахгүй танилцуулна. Шөнө баривчилсан залуусыг бүгдийг нь сулласан" хэмээх мэдээллийг өгсөн юм.