Хэтрүүлэлгүй хэлэхэд дэлхий дахин цахим уулзалтуудын араас амьсгаа даран ажиглаж байлаа. Украинд Оросын эхлүүлсэн дайн хүнсний бүтээгдэхүүнээс авхуулаад нефть шатахууныг ч хомсдуулж, хямралын нөлөөг бүгд амсаж байна. Юмны үнэ дээш цойлж, чухам хаа хүрэх нь одоогоор мэдэгдэх юм алга.
Дайны дараа бий болсон геополитикийн шинэ нөхцөл байдал тусгаар тогтнол гээчийг аливаа улсын хувьд онцгой үнэмлэхүй үнэт зүйл гэж үзэхэд хүргэж байна. Европын Холбооноос Оросын эсрэг нэгдсэн хориг арга хэмжээ тэнд ч, энд ч нэгэн дуугаар хэрэгжихгүй байгаа нь бас анзаарагдаж буй. Оросын хийнээс татгалзахыг Берлинд ятгахад Вашингтонд төвөгтэй байна. Оросууд сүүлийн 20 жилд Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу хий дамжуулах хоёр хоолой тавьсан юм. “Умардын урсгал-1” нь үүргээ гүйцэтгэж, “Умардын урсгал-2”-т нь төвөг учраад буй. “Дэлхийн II дайны дараа тусгаар байдал нь бүрэн алдагдсан Герман эдийн засгийн тэргүүлэх гүрэн байснаа “жагсаалын цэрэг” болж хувирахыг эрс эсэргүүцэж байгаа. Үүний тод нотолгоо нь “Умардын урсгал-2”-ын төлөөх тэмцэл юм” гэж Оросын хэвлэлд бичиж байв. Оросын хямдхан хийн оронд хоёр, гурав дахин үнэтэй шингэрүүлсэн хийг Европ руу цутгаад өгнө хэмээн америкчууд амласанд учир байгаа юм. Түүнээс гадна Оросын хийг бүрэн халахад Америкийн амлаад буй хий хүрэлцэхгүй. Хэлбэрийн төдий ч гэлээ туурга тусгаар улс гэдгээ Герман хүссэн ч, хүсээгүй ч эргэж санахад хүрэв. Ямар нэг Засгийн газар өөрийгөө хамгаалах үүргийнхээ улмаас хүн амынхаа амьжиргааг дордуулах алхам хийдэггүй, эс тэгвээс түүнийг дор нь арчаад хаячихна. Чухам тиймээс л Москвагийн эсрэг хүссэн хатуу хоригоо тавь, харин иргэдийн маань гэрийг л дулаахан байлгаж үз хэмээн Вашингтоноос Берлин хүсэж байлаа. Хийн хангамжийн асуудлаар Америкийг аялдан дагалдахгүй бол Германы бие даасан байдал бага ч гэлээ нэмэгдэж, харин америкчуудынх буурах болно. Унгар бас л эсэргүүцэж байгаа. Энэ нь мөн л эрчим хүчний аюулгүй байдалтай нь холбоотой гэж Гадаад харилцааны сайд Петер Сийярто нь саяхан мэдэгдсэн. “Европт хий, нефть нийлүүлэх болон нүүрс гаднаас авахыг хориг яагаад ч хөндөх ёсгүй. Европын нэгдмэл байр суурийг Унгар дэмжиж байгаа ч ард түмэн маань дайны төлбөр төлөхийг бид зөвшөөрөхгүй” гэж тэрбээр мэдэгдсэн.
Оросын нефтиэс татгалзахыг Европын холбоотнууддаа Америк уриаллаа. Гэтэл Европ Оросоос үлэмж их нефть авдаг юм. Ганц Герман л гэхэд хоногт 560, Польш 360, Нидрерланд 260, Финланд 180, Бельги 160 мянган баррелийг авдаг. Европын бусад орон ч авдаг. Ийм их хэмжээтэй импортыг даруйхан халах амаргүй. Үүний зэрэгцээ “Urals” маркийн нефтийг Европын боловсруулах үйлдвэрүүдэд нийцүүлсэн онцгой бүтэцтэй болгосон байдаг. Эдгээр үйлдвэрт Өмнөд Америк юм уу, Ойрхи Дорнодын нефтийг боловсруулж чадахгүй.
Бээжинг уруу татах нь Вашингтонд тун хэцүү болохыг Жо Байден, Си Зиньпин хоёрын саяхан хийсэн яриа хэлэлцээ харууллаа. Талууд үндсэндээ юу ч тохиролцож чадсангүй гэж хэлж болно. Хоёр удирдагчийн цахим уулзалтад бэлтгэх үед л америкчууд тун таатай бус байр суурьтай байгаа нь анзаарагдаж байв.
Тавьсан бүх болзлыг нь хүлээж авахгүй бол хориг болон бусад ял шийтгэл хүлээлгэхээр Вашингтоны зүгээс ам нээсэн болгон хятадуудыг айлгахыг хичээж байлаа. Сүүлийн жилүүдэд олж буй амжилт, тусгаар тогтнолоороо бахархах болсон БНХАУ ийм дарамт шахалтыг зөөлөн хэлэхэд гайхан хүлээж авсан нь мэдээж. Америкийн “Politico” сонин хоёр удирдагчийн яриа хэлэлцээг тайлбарлаж бичихдээ Орос тусгай ажиллагаагаа зогсооход нөлөөлөх үүргийг өөртөө хүлээх бодлыг Хятадын удирдагчид Цагаан ордны тэргүүн төрүүлж чадаагүйд илт харамсаж буйгаа тэмдэглэсэн юм. Түүгээр ч барахгүй тус сонины мэдээлснээр бол Украины хямралыг өдөөхөд Вашингтоны гүйцэтгэсэн үүргийг Си Зиньпин шүүмжилсэн байна. Украины хямралын асуудлаар Хятадын гаргах аливаа шийдвэр АНУ-ын санаанд нийцэх нь юу л бол гэх бодлыг эрхгүй “Си Зиньпин, Байден хоёрыг ярилцахаас хэдхэн цагийн өмнө Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээлэл төрүүлнэ” гэж дээрх сонины нийтлэлд өгүүлсэн байв.
Хятадын эсрэг кампани эхлүүлэх, үүндээ “Хятад, Тайванийн асуудлыг ямар нэг өнцөг болгох нь Вашингтоны хувьд маш чухал байгаа” гэж Оросын Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн захирал Алексей Маслов үзэж байна. Энэ шинжээчийн үгээр бол “Орос, Украины хооронд одоо болж буй шиг байдал Тайванийн аралд давтагдаж, эхлээд дарамт үзүүлж, тэр нь хөршүүдтэйгээ толхилцоход хүрнэ. Энэ үүднээс үзвэл Си Зиньпинтэй Байден яриа хэлэлцээр хийсэн нь Америкийн холбоотнуудын хувьд төлөвлөж буй үйлдлийнх нь тухай тунхаглал төдий зүйл байсан бөгөөд Хятадтай нөхөрлөх гээд хэрэггүй гэсэнтэй ялгаагүй үйлдэл байсан гэдэгт шинжээч эргэлзээгүй юм. “Нэлээд улс орон, түүний дотор Чех болон Умард Европын улсууд Хятадтай холбоотой байхаас татгалзаж байхад Зүүн өмнөд Ази, Төв Ази түүнтэй идэвхтэй харилцан ажиллагаагаа үргэлжлүүлж буйг бид харж байна. Эцэст нь, энэ байдал дэлхий дахиныг хоёр лагерьт хувааж ч болзошгүй” гэж Алексей Маслов үзэж байна. Киевт хандаж байгааг нь харахад Москваг Бээжин хоёрдмол утгагүй дэмжиж буйг нь илэрхийлж байна бус уу. Аливааг урт хугацаагаар төлөвлөж дадсан Хятад төвийг сахихыг хичээж байна. Хил хязгаараас нь алс хол болж буй үйл явдалд хутгалдахыг хүсэхгүй байгаа нь зүй ёсных. Европт ер юу эс тохиолддог билээ дээ. Нөгөө талаас америкчуудыг олны өмнө шийтгэхийг хичээж буй Орос ердөө л анхны золиос нь болж байгааг Бээжин сайн ойлгож байна. Хэтэрхий хүчирхэгжээд буй Хятад дараачийнх нь болоход бэлэн байна. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Орос ялагдахыг Хятад огт хүсэхгүй байгаа. Хятад гадаад дайснуудаасаа өөрийгөө шивээлэн хамгаалж байна. Оросын “нүцгэн” нуруу руу Хятад хутга дүрэхгүй гэдэгт итгэж болно.
Гэхдээ Орост Хятад туслах болов уу. Украин дахь дайны галд Хятад түлээ нэмж хийхгүй. Тэр урьдынх шиг юу ч болоогүй юм шиг л байх болов уу. Худалдаад л, худалдаж аваад л, хамтарсан сургуулилалт хийгээд л, төслүүд хамтран хэрэгжүүлээд л. Гэхдээ төвийг сахьсан статустай байгаад байж Бээжин чадахгүй гэдэгт Алексей Маслов эргэлзэхгүй байгаа юм билээ. “Өдгөө тохиолдож буй юм бол дэлхийн худалдааны хувьд томоохон сүйрэл бөгөөд түүнд Хятад улс сүрхий хутгалдсан. Одоо өөрийн бодлоо америкчуудад ч, оросуудад ч томьёолох хэрэгтэй болж буйд” энэ Дорнод судлаач эргэлзэхгүй байгаа юм. Одоо бүх зүйл дайн хэр удаан үргэлжлэх, ямар үр дүнд хүрэх, Өрнөд өөрийн эв нэгдлийг хэрхэн тууштай харуулах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Хятад өөрийн дүгнэлтийг хийнэ, юуны урьд өөрт нь тулгарсан, Орост ч тулгарч болзошгүй асуудлуудыг задлан шинжлээд сэрэмжлүүлэх арга хэмжээ авах нь эргэлзээгүй.
Тайвань арал, эх газрын Хятад хоёрын харилцаа алс тэртээх Орос, Украины хоорондын байдлыг эрхгүй санагдуулдаг. Саяхны түүхийг эргэн ухвал Дэлхийн II дайнд Гоминьдан намын удирдагчдын толгойлсон БНХУ ялсан юм. Энэ нь саяхан байгуулагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд чухамхүү Бүгд Найрамдах Хятад Улс хориг тавих эрхтэйгээр байр сууриа эзэлснээр тодорхой болсон. ЗХУ ч үүнийг зөвшөөрсөн. Гэтэл Гоминьдан, ХКН хоёрын хооронд 1948 онд иргэний дайн дэгдэж, коммунистууд ялав. Гоминданы засаг захиргаа Тайвань руу зугтаж очоод олон талаар америкчуудын дэмжлэгээр тэндээ бэхэжлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх суудал Тайвань болон түүнд хамаарах хэд хэдэн арлыг хамрах болсон Хятад улсад үлдэв. Гэтэл 1971 онд АНУ бодлогоо өөрчилж БНХАУ (Бээжин)-тай дипломат харилцаа тогтоочихлоо. Эхлээд Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер, дараа нь Ерөнхийлөгч Ричард Никсон Бээжинд айлчилж, Тайванийн удирдагч Чан Кайшигийн хувьд энэ үйл явдал гарцаагүй цохилт болов. Америк, Тайвань дипломат харилцаагаа тасалсан нь Хятад, АНУ дипломат харилцаатай болох нөхцөл боллоо. Цохилт үүгээр зогссонгүй. Америкчуудын идэвхтэй оролцооны дүнд БНХАУ НҮБ-ын гишүүн болж, Аюулгүйн зөвлөлд БНХАУ суудал эзлэв. Тайвань НҮБ-аас хасагдлаа.
1971 онд Бээжингийн зүгээс түрэмгийлсэн тохиолдолд арлыг Вашингтон цэрэглэн хамгаалах “Нэг Хятад” зарчмыг АНУ хүлээн зөвшөөрснөөс үл хамааран зэвсэг нийлүүлэхийг баталгаажуулсан Тайваньтай харилцах тухай хууль батлав. Тухайн үедээ уг хуулийг нэр зүүсэн эд гэж үзэж байсан ч одоо түүнийг архиваас гаргаж ирээд тоосыг нь үлээн эх газрын Хятадын хорыг малтаж байна. Аман дээрээ бол Бээжин таслагдсан газар нутаг руугаа түрэмгий авир гаргахгүйг байгаа ч нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сэргээхээ амлаж буй. АНУ, Тайванийг зэвсгээр хангаж, Хятад хэрэв арлыг хүчээр эзлэхийг оролдвол сэтгэл тун дундуур байх болно хэмээн урьдчилан анхааруулсаар байгаа. Тиймээс Украинд болж буй үйл явдалд АНУ хэр шийдэмгий, Оросыг зогсооход бэлэн байна уу, үгүй юү гэдэг Бээжинд их чухал байгаа юм. Америкийн Тайваньтай харилцах тухай хуулийн агуулгыг сайн мэдэх Бээжин ямар ч тохиолдолд Вашингтонд туслахгүй гэдэгт эргэлзэх юун. Тийм байтал Си Зиньпинийг айлгаж, өөрийн зүгт хазайлгана гэдэгт Жо Байден итгэлтэй байсан нь гайхалтай. Олон улсын эрхийг хамгаалж бэхжүүлэх үүрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Хятад улсад байдаг гэж саяхан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн. Украины үйл явдалд Бээжин тодорхой хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг тэрбээр хэлж буй нь энэ.
Бусад ард түмэнд тохиолдсон зовлон шаналлыг Хятадын ард түмэн бүрэн хэмжээгээр хуваалцаж чадна, яагаад гэвэл ХБНСЮУ-д суугаа манай ЭСЯ-ыг хэн бөмбөгдсөнийг бид мартахгүй. “Олон улсын эрхийг зөрчигч өөрөө шударга ёсны тухай лекц уншихыг бид сонсох хэрэггүй. Хүйтэн дайны үлдэгдэл, дэлхийн цэргийн томоохон эвслийн хувьд НАТО өөрийн газар зүйн байрлал, үйл ажиллагааныхаа өнгө төрхийг тэлж өргөжүүлсээр байна” хэмээн Европын Холбоонд суугаа Хятадын дипломатчид хариулт болгон мэдэгдэж, уг эвслийн шархан дээр хатгаад авлаа. Украины хямралын америк тайлбарыг Бээжин яагаад ч дэмжихгүй.
Бэлтгэсэн: Р.ЖАРГАЛАНТ