Халаасны хулгай гэмт хэрэг биш болсон гэх яриа сүүлийн үед иргэдийн дунд бий болжээ. Гар утас, бичиг баримттай хэтэвчээ хулгайд алдчихлаа гэх гомдол алхам тутамд тааралддаг ч эргээд олддог нь хуруу дарам цөөн. Нийслэлийн цагдаагийн газарт Халаасны хулгайтай тэмцэх бүхэл бүтэн тасаг ажилладаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ тасаг ичээндээ орсон баавгай шиг дуг нойрондоо дугжирч байна.
Тэднийг ийнхүү унтаж байх хооронд чоно борооноор гэдэг шиг хулгайч нар үйл ажиллагаа, хуулийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж нарийн зохион байгуулалтад орсныг саяхны нэг хэрэг баталлаа. Цагаан сарын өмнөхөн ЭЦГын ажилтнууд маш нарийн зохион байгуулалттай бүлэг хулгайчийг илрүүлжээ. Тэднийг “Бээжин”, “Москва” гэх нууц нэртэй Б.Оюунцэцэг, Л.Оюунбилэг гэх хоёр эмэгтэй толгойлдог байжээ. Зургаан эмэгтэй, найман эрэгтэй энэ бүлэглэлд багтдаг бөгөөд өдөрт хэдэн сая төгрөгөөр хэм - жигдэх мөнгийг иргэдээс хулгайлдаг байсан бололтой. Тэднийг баривчлах үеэр хоёр сая төгрөг бэлнээр илрүүлсэн нь нэг өдрийнх нь орлого байсан хэмээн мэдүүлжээ. Хэргийг одоо Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах тасагт шалгаж байна.
Энэ бол ЭЦГ-ынхны илрүүлсэн хэрэг. Харин илрээгүй хэчнээн үйлдэлтэй, хэдэн саяар хэмжигдэх хэрэг цагдаа нарын хамар дор нуугдаж, иргэдийг хохироож буйг хэлэх арга алга. Үүнд Эрүүгийн хуулийн амьдралаас тасархай цоорхой нөлөөлж буй. Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд 108.000- 5.4 сая төгрөгөөс бага байвал гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт одоо үйлчилдэг. 100 мянган төгрөг хулгайлсан хулгайч гэмт хэрэгтэн биш болохыг ийнхүү хуульчлан баталгаажуулсан нь амьдралд хэр бодитой бол. Өнөөдөр 70-80 мянган төгрө- гийн тэтгэвэртэй хөгшид хэд билээ. Тэдэнд 10 мянган төгрөг бүтэн долоо хоногийнх нь хоолны мөнгө. Гэтэл Халаасны хулгайтай тэмцэх тасгийнхан энэ хуулийн заалтыг баримталж тэднийг үл ойшоож буй нь шударга ёсонд хэр нийцэх бол.