Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Алтан- Өлгийн зүүн талын замд энэ ноцтой осол өчигдрийн 03.00 цагийн үед гарлаа. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр Цайзын 20А-507 тоотод оршин суух иргэн Ононгийн хашаа болон гэрийг “Тоёото Карина” маркийн 12-99 УНГ улсын дугаартай автомашин дайрчээ. Энэ үед уг гэр бүлийнхэн унтаж байсан бөгөөд гэрийн эд хогшил юу ч үгүй эвдэрч, гэрийн эзэгтэй 42 настай А газар дээрээ нас барсан аж. Талийгаач нэг настай хүүхдээ өвөртлөөд унтаж байсан бөгөөд ослын улмаас хүүхэд нь гэмтсэн байна. Түүнчлэн гэрийн эзэн болон дунд охин хүндэвтэр гэмтжээ.
Биднийг өчигдөр 14.00 цагийн үед уг айлд очиход гэрийн эзэн хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлэхээр явсан, ар гэрийнхэн нь хашааг нь янзалж, өөр гэр барихаар бэлтгэж байв. Гэрийн эзний ах дүү нар гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “03.00 цагийн үед энэ осол гарлаа. 03.00 цаг өнгөрч байхад бидэн рүү дүү маань утасдаж хэлсэн. Биднийг ирэхэд цагдаагийнхан ирчихсэн, Яаралтай тусламжийн төвийнхнийг хүлээж байсан. Манай дүү түргэн тусламж дуудахад Яаралтай тусламжийн төвийн дуудлага хүлээн авсан эмч “Согтуу юм уу, хаашаа юм бэ” гэж загнаад тоогоогүй байна лээ. Харин цагдаагийнхан ирж байж дахин дуудлага өгөхөд түргэн тусламжийнхан ирсэн. Тэд манай дүүг анх дуудлага өгөхөд нь ирсэн бол эхнэрийнх нь амь насыг аварч болох л байсан. Бэр маань бага хүүхдээ өвөртлөөд зүүн орон дээрээ унтаж байсан юм билээ.
Тэд зурагт үзэж байгаад 01.00 цаг өнгөрч байхад унтсан гэсэн. Тэгээд нэг их удалгүй энэ хэрэг гарчээ. Хажуу айлынх нь хүмүүс дуу чимээ гараад байхаар нь гараад хартал манай дүүгийн гэрийг дайрчихсан байж. Тэгээд хоёр хүүхэд нь нүцгэн, гадаа уйлаад зогсож байсан гэсэн. Талийгаачийн гавлын суурь яс гэмтсэнээс амиа алдсан гэж шүүх эмнэлгийн эмч нар хэлсэн гэсэн юм. Гэрийн эзэн эхнэрийгээ амиа алдсанд үнэмшихгүй, сэтгэл санааны хямралд орчихоод байгаа гэнэ. Тэрбээр “Эхнэр минь одоо ороод ирнэ” гэж яриад сууж байсан талаар ч ах дүү нар нь өгүүлэв. Түүний нуруу гэмтжээ. Гэсэн хэдий ч нэг ойтой болон зургаан настай хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явсан байв.
Тэднийх гурван хүүхэдтэй, нөхөр нь барилгын засал чимэглэл хийдэг, эхнэр нь нялх хүүхдээ хараад гэртээ суудаг аж. Хэрэг гарах үед 10 дугаар ангид сурдаг том охин нь талийгаачийн ээжийг сахихаар явсан байжээ. Ах дүү нарынх нь бидэнд хэлснээр талийгаач нэг дүүтэй, ээж нь хүнд өвчтэй хэвтрийн хүн байдаг гэнэ. Хөрш айлын хүмүүс “Манай хашааг хүн эвдэж байна уу гэж бодоод гараад хартал энэ айлыг дайрчихсан байсан. Машинаас согтуу 20-21 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс буугаад, хөөцөлдөж тоглоод байсан. Тэдний нэг нь “Цагдаа ирэхээс өмнө өөр машин авчраад машинаа чирч гаргаад зугтъя” гэж ярьж байсан гэлээ. Осол гаргасан автомашины жолооч нь 20 настай Н.Батжаргал гэдэг эмэгтэй байжээ.
Тэрбээр найз нартайгаа нийлж төрсөн өдөр тэмдэглэсэн ч согтууруулах ундаа хэрэглээгүй гэж цагдаагийн ажилтнууд хэлсэн юм. Н.Батжаргал нөхөр, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг юм байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд “Энд зогсож байтал гулгаад энэ хашаа руу орчихсон” гэж жолооч нь анх мэдүүлсэн аж. Хэргийн газарт биднийг очиход тэнд машин халтирахаар цас мөс бараг байсангүй. Алтан Өлгийн зүүн талаар явдаг төв зам уг айлын хажуугаар өнгөрдөг юм байна. Харин хөршүүд нь уг айлын эсрэг талын нарийн гудамжаас машин хурдтай орж ирээд энэ айлыг дайрсан гэж байсан юм.