Өнөөдөр гадаа 5 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 73 дахь өдөр бөгөөд он дуусахад 292 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 11. Сумъяа гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бар өдөр. Тэрслүүд өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2895.00 төгрөг, зарах нь 2905.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 28.50, зарах ханш 29.00, юанийн авах ханш 456.00, зарах ханш 457.50, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Монгол банкны Г байранд “Дэлхийн Мөнгөний Долоо хоног 2022” олон улсын аяны нээлт болно. Утас: 91992520
- 10.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт Улаанбаатар хот дахь гаалийн газраас өөрийн байрандаа Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
- 12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ардчилсан холбооны удирдлагууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2008 онд Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.
- 2006 онд Чадын цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завджээ.
- 1995 онд АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болов.
- 1994 онд гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.
- 1988 онд газар нутгийн маргаантай байдаг Спратти арлын төлөөх тулаанд Хятадын арми Вьетнамын армийг бут ниргэжээ.
- 1980 онд Польшийн нийслэл Варшавын ойролцоо "ЛОТ 7" хөлөг онгоц осолдож 87 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дотор Америкийн боксын шигшээ багийн 14 тамирчин багтсан байна.
- 1951 онд Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.