Тайгын багачуудад “Шидэт урц” бэлэглэжээ Хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан тайгын хүүхэд багачуудад зориулсан “Шидэт урц” байгуулжээ. Тус байгууллагынхан өмнө нь салбар, салбарын манлайлагч залуустай хамтран, номын соёл түгээх зорилготой “Шидэт хайрцаг” төсөл хэрэгжүүлж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын сурагчдыг номын сан (чингэлгээр хийсэн)-тай болгосон бол энэ удаа Хөвсгөлийн Цагааннуур сумын Зүүн тайгад отоглон буй 20-иод айлын 36 хүүхдэд сурч хөгжих боломж бүрдүүлсэн байна. Цаатнууд өндөр уулс бараадан, нутаг сэлгэж амьдардаг бөгөөд жилд дунджаар 10 орчим удаа нүүдэг гэнэ. Тиймээс сайн дурын залуус тэдний амьдралын онцлогийг харгалзсаны үндсэн дээр чанартай материалаар хийсэн, загварлаг, орчин үеийн шийдэл бүхий урц барьж, бэлэглэжээ. Энэхүү урц нь цонхтой, борооны хамгаалалттай, цахилгаан үүсгүүртэй аж. Тэрчлэн хүүхэд багачуудад зориулсан 300 гаруй сурах бичигтэй номын сантай, зурагт, хөгжим, чанга яригч төхөөрөмжтэй. Сурч хөгжихөд шаардлагатай зүйлсийг багтаасан, тохь тухтай, шинэлэг шийдэл бүхий энэ сууцыг залуус “Шидэт урц” хөгжлийн төв гэж нэрлэжээ.