Азийн сан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, номын соёлыг түгээх зорилгоор санаачилсан “Хамтдаа уншицгаая” төсөлдөө иргэд, олон нийтийг оролцуулахаар болжээ. Бага насны хүүхдэд ном уншиж өгөх хүсэл сонирхолтой хэнийг ч эл төслийн багт гишүүнээр элсүүлэх боломжтой бөгөөд ажилласан цагийнх нь хэмжээгээр цалинжуулах юм байна. Ийм нөхцөлтэйгөөр ажиллах хүмүүсийг тэд “хагас цагийн уншигчид” гэж нэрлэжээ. Учир нь бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа богино тул нэг удаагийн уншилтыг 30 минутаас хэтрүүлэхгүй байхаар тооцсон аж. Тус байгууллага төсөлд нь оролцох хүсэлтэй хүмүүсийг ирэх баасан гараг хүртэл бүртгэж, энэ сарын сүүлч гэхэд хэн, хэн шалгарсныг тодорхой болгох гэнэ. Эндээс бүрдсэн баг ирэх сараас эхлээд нийслэл дэх нийтийн номын сан, тусгай хэрэгцээт сургууль, асрамжийн газар, эмнэлэг, хүүхэд хамгааллын байруудад очиж, 0-5 насныханд ном уншиж өгөх нь.
Бэлтгэсэн Ж.Мишээл