“Улаанбаатар фестиваль” оркестрын хэсэг хөгжимчин энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн соёлын төв буюу “Жанжин” клубт суут В.А.Моцарт, А.Дворжак нарын бүтээлээс эгшиглүүлэх тоглолт зохион байгуулах ажээ. Тэд үлээвэр, цохивор болон утсан хөгжмийн цөөхүүл гэсэн бүтцээр тоглоно. Бүрэлдэхүүнд Улсын филармони, ДБЭТ, Консерватор, ОХУ-ын Эрхүү хотын филармони, Япон Улсын “Hyogo performing arts center orchestra”, мөн БНХАУ-ын “Kunming inter¬national philharmonic orchestra”-д ажилладаг уран бүтээлчид багтжээ Тоглолтын санаачлагчдын нэг, үлээвэр хөгжимчин Т.Хуяг “Жанжин” клуб гоё танхимтай юм байна. Дүүргүүдийн Соёлын төвд сонгодог концерт тоглож байвал яасан юм бэ гэж бодоод, эхнийхийг нь зарлалаа. Бүх дүүрэг иймэрхүү арга хэмжээ явуулдаг бол оршин суугчид нь заавал хотын төвд ирж тоглолт үзэх гэхгүй, амар болно доо” гэлээ.
“Улаанбаатар фестиваль” оркестрыг удирдаач, сүүлийн арав гаруй жил өмнөд хөршид ажиллаж буй Б.Лхагвасүрэн болон “Kunming inter¬national philharmonic orchestra”-ын хөгжимчин Т.Хуяг нар санаачилсан. Ингэхдээ манай улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжимчдийн дэмжлэгтэй, тэдэнтэй хамтарч ажиллахаар байгуулсан юм.