Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяртай холбоотой асуудал сүүлийн хэдэн өдөр хэвлэлийн хуудаснаас салсангүй. Түүний өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн хурал хийлгэж янз бүрийн мэдэгдэл хийх болсон.
Монголын шүүгчдийн холбооноос “С.Отгонбаярт холбогдох хэргийг хянаж, хэргийнх нь талаар нэмж шалгах шаардлагатай гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас биш, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаагүй” гэсэн утгатай хариу мэдэгдэл гаргасан юм. С.Отгонбаярт холбогдох хэргийг дахин шалгаж байх үед Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж Нийслэлийн прокурорын газарт С.Отгонбаярын өмгөөлөгч Ц.Монгол 2009 оны наймдугаар сарын 24-нд 08/24 тоот албан бичигтээ “Гэм буруугийн талаар маргахгүй.
Иймд С.Отгонбаярт холбогдох, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож, харин 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэж зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгуулах” санал гаргажээ. Энэ хүсэлтийг нь үндэслэн НПГ-аас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ.
Гэтэл өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн хурал хийлгэж шүүх, прокурорын байгууллагын хуулийн хүрээнд гаргасан шийдвэрүүдийг гуйвуулж тайлбарлан, олон нийтийг төөрөгдүүлэн хуульчийн ёс зүйгээ ноцтой зөрчиж, баримт нотолгоогүйгээр шүүгч, шүүхийн нэр төрд бүдүүлгээр халдсан гэж дээрх холбооныхон үзэж байгаа юм.