“Транс” банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Саяхан түүний өмгөөлөгч нь Нийслэлийн прокурорын газарт хандаж “А.Е.Новожиловын гэм буруутай нь нотлогдоогүй, хохирогч байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. Харин НПГ-ын хяналтын прокурор дээрх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. А.Е.Новожиловт хувийн ашиг сонирхлын үүднээс банкинд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэрбээр “Транс” буюу хуучнаар Тээвэр хөгжлийн банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийж, улмаар түүнийгээ барилгын засварт ашигласан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн гэх. Мөн “Транс” банкны 700 мянган долларыг тус банкны удирдах албан тушаалтны нэг Корневтэй хуйвалдан завшсан талаарх мэдээлэл хууль хяналтынханд байгаа бололтой. Корнев нь нууцаар хил даван зугтсан тул хэргийг шалгахад хүндрэлтэй байгаа аж.