Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх чиглэлийн эргүүлийн офицер, жолооч ахлагч нарт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг холбогдох байгууллагынхан нэлээд нууцалж буй юм.
Тус албаныхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт энэ хэргийг шалгаж байгаа. Энэ сарын 21-нд Хөдөлгөөнт эргүүлийн Ханын материал чиглэлийн эргүүлийн машинд хүн нас барсан асуудалд эргүүлийн офицер, жолооч хоёрыг нь холбогдуулан шалгаж байгаа” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг, Халамж үйлчилгээний төвийн гадна согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт иржээ.
Дуудлагын дагуу цагдаа нар очоод Яаралтай тусламжийн төв рүү дөрвөн цаг гаруй утасдаж, эмнэлгийн тусламж дуудсан юм билээ. Гэвч тус төвийн эмч нар ирэхгүй удаад байхаар нь нөгөө иргэнийг осгохоос сэргийлж, эргүүлийнхээ машинд оруулсан бололтой. Гэтэл нөгөө хүн автомашин дотор нь нас баржээ. Хохирогч өмнө нь бусдад зодуулж гэмтсэн байсан” гэлээ.