Саяхан Улсын онцгой объект манаж байсан байлдагч амиа хорлосон мөн хилийн цэргийн байлдагч амиа хорлохыг завдсан мөн Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч цолтой нэгэн албан хаагч өнгөрсөн пүрэв гаригт марш тактикийн тэмцээний үеэр амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Гэтэл дээрх үйл явдлууд намжаагүй байхад Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нэг байлдагч амиа хорлосон хэрэг явдал гарчээ. Өнгөрсөн ням гаригт болсон энэ хэргийн талаар ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, хурандаа Г.Энхбаатараас тодрууллаа.
-Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч юунаас болж амиа хорлох болов. Шалтгааныг нь тогтоов уу?
-Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулах ажлын хэсэг ЗХЖШ-аас томилогдож тус ангид ажиллаж байна (Өчигдрийн 14.10 цаг). Ямар ч байсан гадны нөлөө байхгүй. Өөрийгөө боомилсон байсан.
-Хэзээ, хаанаас татагдаж ирсэн цэрэг вэ?
-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс 2009 оны тавдугаар сард нэгдүгээр ээлжийн татлагаар тус ангид ирсэн 27 настай залуу. Уг нь Өмнөговь аймгийн харьяат, ирэх тавдугаар сард халагдах байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага давхар шалгаж байгаа гэв.
Тус аймгийн цагдаагийн газрын эх сурвалж “Талийгаач байлдагч өнгөрсөн ням гаригийн оройн хоолны үеэр цэргийн байрнаасаа гарч гүйжээ. Цэргүүд хоолондоо орчихоод гарч ирэхэд байрныхаа хажуугийн аюулын гарцны шатнаас бүсээрээ боомилж нас барсан байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор амиа хорлосон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.