Дасгалжуулагч Б.Дамба Монголын сагсан бөмбөгийн спортод олон шилдэг тамирчин бэлтгэсэн гавьяатай. Түүний удирдлагад үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг Азийн АШТ, ДАШТ-д оролцож, шилдгүүдтэй өрсөлдсөн удаатай. Үүнээс гадна “Уурхайчин”, “Генералууд”, “Баганат өргөө” багийг дасгалжуулан дээд лигт сойж, чамгүй амжилт гаргаж байв. Тэрбээр 1995-1996 онд дээд лигийн “Шилдэг дасгалжуулагч” шагналын анхны эзэн болсон бол 2017 онд Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжөөд 60 жил болж байгаа юм билээ. Ойн үеэр зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар сагсан бөмбөгчид, холбоо, клубийнхэн ярилцаж байна уу?
-Цар тахал хаа сайгүй дэгдсэн тул ирэх жил болох ойн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар бидэнд ярилцсан зүйл одоогоор алга. Олимп өндөрлөсний дараа ОУОХ хуралдаж, хийсэн ажлаа тайлагнадаг. Үүний дараа улс бүрийн Спортын холбоод хуралддаг юм. Тиймээс Монголын сагсан бөмбөгийн холбоо намраас хурлаа хийж, энэ тухай ярилцах болов уу. Токиогийн олимп хэдхэн хоногийн дараа эхлэх нь. Монголоос 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй чүүдийн баг олимпод оролцохоор Японыг зорилоо. Уг нь манай эрэгтэйчүүдийн баг олимпод өрсөлдөх болзол хангасан байв. Олимпын наадмыг зохион байгуулагч орон давуу эрхээ эдлэн өөрийн багаа цагаан хуудсаар оролцуулах шийдвэр гаргаснаар манайхан өрсөлдөх боломжгүй болсон. Бид хойшид өмнөхөөсөө илүү амжилт гаргая гэвэл дасгалжуулагчдынхаа ур чадварыг сайжруулах хэрэгтэй.
-Манайхан Унгарын Дебрецен, Австрийн Грац хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд оролцсон. Токиог энэ удаа зорихгүй ч Парисын олимпод өрсөлдөх байх.
-Сагсан бөмбөгийн 3x3 төрөл нь тамирчдаас хурдан сэтгэж, оновчтой шийдвэр гаргахыг шаарддаг. Энэ нь монгол тамирчдын бие, сэтгэхүйд хамгийн тохиромжтой. Манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг “Их дуулга”, ДАШТ, Азийн АШТ-д амжилттай оролцож, медальт байрт шалгарсан. Манайхан насны хязгаарлалтыг нь сайн мэдэхгүй сагсан бөмбөгчдөө явуултал 23 гэж заасан байдаг аж. Заасан наснаас нь хэтэрсэн тул 3х3, 5х5 насныханд ч оролцох боломжгүй болсон. Хэрвээ Жакартад болсон 5х5 төрлийн тэмцээнд өрсөлдсөн бол наймд үлдэх боломжтой байв. Наймд үлдэнэ гэдэг чинь том амжилт. Тамирчдаа тэмцээнд оролцуулахдаа өрсөлдөх насыг нь урьдчилан сайн судлах хэрэгтэй. Монголчуудад боломж байсан ч иймэрхүү зүйл нөлөөлж, амжилтаас чангаасан. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хүлээн зөвшөөрсөн нь Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо юм шүү дээ.
-Монголын сагсан бөмбөгийн хөгжилд Д.Содномзундуй гуайг ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг юм билээ.
-Д.Содномзундуй багш Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд их хувь нэмэр оруулсан. Улаанбаатар хотын биеийн тамир, спортын хорооны даргаар 22 жил ажиллахдаа БНХАУ, ОХУ-ын Эрхүү хотын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн нөхөрсөг уулзалт тоглолтыг жил бүр зохион байгуулдаг байсан нь Монголын хүүхэд, залуучуудад гадаадын тамирчдаас суралцах боломж олгосон юм. Хүү С.Эрдэнэ нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, 3х3 сагсан бөмбөгийн багийг Хандгайт дахь амралтын баазад байрлуулж, олимпын бэлтгэлд хичээл зүтгэл гарган, тамирчдыг цалинжуулж, Гавьяат дасгалжуулагч С.Тулгыг бэлтгэлийн баазад ойрхон байлгахын тулд хоёр өрөө байр өгсөн. Ингэснээр 3х3 багаас гадна оюутан залуучуудын 5х5 багийнхан ОХУ-ын Сочид болсон Универсиад наадамд амжилттай оролцож, наймд үлдсэн. Энэ спортод элэгтэй хүмүүсийн нэг бол Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, “Эм Си Эс кока кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав. Тэрбээр эмэгтэйчүүдийн багийг ивээн тэтгэж, тэмцээнд оролцуулдаг бол “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл эрэгтэйчүүдийн багийг гадаад, дотоодын тэмцээнд оролцох зардлыг дааж байгаа. Энэ спортын хөгжил, тамирч дын амжилтын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж буй хүмүүст бид талархах ёстой.
-Манай улс Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дэх гишүүн болсноор хөгжих алхам нэг шатаар ахисан биз?
-Тийм ээ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Д.Маргад-Эрдэнэ, Л.Алтанхуяг нар Монголын сагсан бөмбөгийн холбоог Азийн сагсан бөмбөгийн холбоонд элсүүлсэн юм. Дараахан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн болсон. Үүнд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ж.Отгонцагаан. Тэрбээр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Би ийм байгууллагатай холбоо барилаа, хамтдаа явъя” гэснээр Малайзад очиж, Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ён Чин Хоктой ярилцаж, Монголыг Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дэх гишүүнээр элсүүлсэн. Тухайн үед тэдний зардлыг Ж.Бат-Өлзий, Д.Хишигжаргал нар гаргаж байлаа. Тэндээс Ён Чин Хок Швейцарын Женев хотыг зорьж, ФИБА-ийн төв байгууллагын удирдлагатай уулзсанаар Монголыг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 211 дэх гишүүнээр бүртгүүлсэн. МСБХ-ны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, дэд ерөнхийлөгч Б.Одонжил нар Монголд 1994 онд сагсан бөмбөгийн үндэсний лигийг зохион байгуулж, гадаадын легионеруудыг урьж тоглуулсан нь монголчуудын нүдийг нээсэн. Монголын сагсан бөмбөгийн хөгжил урагшлахад эдгээр хүчин зүйл нөлөөлж, тамирчдын амжилт өссөн. Монголын сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцааг хариуцсан И.Анандын оруулсан хувь нэмэр ч багагүй.
-Монголд 1994 онд үндэсний дээд лигийг зохион байгуулж, Европ, АНУ-аас легионеруудыг урьсан нь спорт сонирхогчдод олон зүйлийг ойлгуулсан санагддаг.
-Легионеруудын тоглолт манай тамирчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэхэд их нөлөөлсөн. 1995, 1996 онд лигийн багт 190 см өндөр тоглогч ховор, тэр үед Ц.Шаравжамц, Т.Түвшинбаяр нар л байв. Тэгвэл одоо дээд лигт тоглодог олонх тамирчин 190 см-ээс дээш өндөр байхаас гадна өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, олон улсад өрсөлддөг боллоо. Би хамгийн сүүлд 2004 онд “Уурхайчин” багийг дасгалжуулж, Спортын төв сургуульд сагсан бөмбөгийн багшаар ажилласан. Тус сургуулийн шигшээ багийнхныг 2013 онд төгссөний дараа Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны даргаар ажиллаж байна.
-Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг нэг хэсэг дасгалжуулсан байх аа?
-Тэгсэн, эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахдаа БНХАУ-д зохион байгуулсан Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод оролцуулсан. Тэр үед югослав дасгалжуулагч Японы шигшээ багийг сагсан бөмбөгийн ДАШТ-д (2006 онд) бэлтгэхээр ирсэн байв. Урьдчилсан тэмцээний эхний тоглолтод манайхан БНХАУ-ын багтай тоглож, долоон оноогоор хожигдлоо. Тэгтэл югослав дасгалжуулагч “Би монголчуудыг бөх, тулааны спортоор хичээллэдэг гэж ойлгодог байсан. Танайд сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжиж буй юм байна. Тамирчдаас тань ур чадвар харагдлаа, хичээгээрэй” гэсэн. Хоёр хоногийн дараа Японы шигшээ багтай манайхан тоглож, нэг оноогоор хожигдсон бол гурав дахь өдөр нь Японы баг Хятадын тамирчдыг хоёр оноогоор хожиж байв. Дасгалжуулагч болгоны арга барил өөр. Миний хувьд довтолгоо, хамгаалалтад 2-1-2, 3-2-ыг хэрхэн хийж байгааг сонирхон харж байлаа. Мөн тамирчдын биеийн хүчийг хөгжүүлж, тэвчээр хатуужилтай болгох дасгал хийлгэн, хурдтай тоглуулахыг судалсан. Азийн тэмцээнд хамгийн сайн тоглодог нь Хятадын баг. Сүүлийн үед Ираны тамирчид хүч түрэн орж ирсэн. Хятадууд энэ спортыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө харамгүй зарцуулж, туршлагатай дасгалжуулагчдыг урьж, тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж байна. АНУ-ын сагсан бөмбөгийн академийн урилгаар Монголын хоёр дасгалжуулагч очиход өмнөд хөршийн 20 гаруй дасгалжуулагч тус академид мэргэжил дээшлүүлэхээр ирсэн байлаа.
-U20 хүртэлх насны залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ багийг Азийн АШТ-д сойсон тухайгаа яриач?
-Би эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулдаг байхдаа мөн л өмнөд хөршид болсон тэмцээнд оролцуулсан. Тэр үед манай эмэгтэйчүүдийн баг тоглолтын ур чадвар, туршлагаар тааруухан байлаа. Хятадын багтай тоглож, 124:24-өөр хожигдчихов. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бухимдсандаа “Би өшиглөсөн ч 24 оноо хийчихнэ. Эсрэг баг тань 124 оноо авч байхад та нар ийм байх гэж дээ” гэж билээ.
-Тэмцээний үеэр хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
-Шри Ланкагийн баг 2003 онд Азийн АШТ-д оролцохоор ирлээ. Тэр үед тэдний эмэгтэйчүүдийн баг өөр зааланд тоглосон юм. Тэгсэн багийнх нь тоглогчдоос нэг нь хөл, нөгөө нь толгойгоо гэмтээгээд боочихсон байхыг манай охид харчихаад “Багш аа, тэднийг хар даа, байлдаж байгаад ирсэн юм уу хаашаа юм” гээд шоолж байлаа. Хэд хоногийн дараа манайхан Хятадын багтай тоглохдоо тэдэн шиг болчихсон байж билээ. Манайхан Хятадын багт олон оноогоор ялагдчихав. Тэгтэл дасгалжуулагч нь “Уучлаарай, манай тамирчид ямар ч улсын багтай тоглосон өөрийн үнэн хүчээр өрсөлдөхийг баримталдаг зарчимтай. Түүнээс биш тэр улсын баг муу гээд дорд үзсэн хандлага байхгүй. Биднийг шударга тоглохыг л шаарддаг. Та нар битгий гомдоорой” гэж билээ. Тэмцээний үеэр хөгжилтэй зүйл их болно. Тэнд ирж оролцсон олон улсын багаас манайхан л хамгийн хөгжилтэй нь байсан. Навс хожигдчихсон хэрнээ гутарч, гунихгүй хожсон багийнхан шиг л дуулж, наргиад цоглог явна шүү дээ. Тэр тэмцээнээс хоёр сарын дараа 18 настай охидын баг Тайваньд зохион байгуулсан Азийн АШТ-д дасгалжуулагч А.Энхбаатарын удирдлагад тоглосон. Сагсан бөмбөгийн протоколд 1-150 хүртэл оноо байдаг. Тэгтэл тоглолтын цаг дуусаагүй байхад манайхны протоколынх нь 150 оноо дуусчихсан. Иймэрхүү хөгжилтэй зүйл эмэгтэйчүүдийн багт өмнө нь байсан. Тэгтэл одоо эмэгтэйчүүдийн багийн авьяас, ур чадвар тэр үеийнхээс илт сайжирч, Токиогийн олимпод оролцох болсон нь бахархмаар.
-Та олон тамирчин бэлтгэсэн. Ууган шавь нараас үйл хэргийг тань үргэлжлүүлсэн хүн бий юү?
-Би шавь нартаа хайртай. Миний удирдлагад хичээллэсэн анхны эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тамирчид өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Анхны шавь нараас Д.Батцолмон, С.Баттулга (лигийн аварга 1+11 клубийг байгуулагч), Н.Дорж, Л.Батдорж гээд бий. Д.Батцолмон дулааны инженерийн мэргэжилтэй хэрнээ сагсан бөмбөгөөс одоо ч холдоогүй. Оюутан байхдаа МУИС-ийн шигшээ баг, “Хөдөлмөр”, “Алдар” нийгэмлэгийн багт тоглож, тамирчин болох замналаа эхлүүлсэн. Ахмадын УАШТ-ийг жил бүр зохион байгуулахад оролцдог тэрбээр өдгөө энэ спортод амьдрал, хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад тамирчны амжилт, дурсамжаар теле цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж, үзэгчдэд хүргэж байна.
-Сагсан бөмбөгийн спортод дурлаж, тамирчин болж байсан тухайгаа сонирхуулаач?
-Намайг сагсан бөмбөгөөр системтэй хичээллүүлсэн багш бол С.Хүрэлсүрэн дасгалжуулагч. Тэрбээр V сургуулийн хүүхдүүдийг сагсан бөмбөгийн секцэнд сонгон авч, хичээллүүлдэг байв. 1970 оноос түүний удирдлагад бэлтгэл хийсэн манай сургуулийн баг “Алдар” нийгэмлэгийн насанд хүрэгчдийн АШТ-д оролцож, II байрт шалгарав. Миний хувьд анхны амжилт минь тэр. Би тэр үед багийнхаа холбон тоглогч байлаа. 1972 онд насанд хүрэгчдийн УАШТ-д тоглоход манай багийнхнаас алдаа гаргаж хасагдсаар гурвуулаа үлдэж, Д.Даваахүү ахлагчтай “Замчин” клубийн багийг хожиж билээ. Сурагчид спорт нийгэмлэгийн баг тамирчдыг буулгаж авсан нь багагүй шуугиан болсон. Монголын сагсан бөмбөгт Ж.Бямбажав хэмээх сайн дасгалжуулагч байлаа. Биднийг түрүүлж байхад нөгөө талд Ж.Бямбажав багшийн дасгалжуулсан наймдугаар ангийн эмэгтэйчүүдийн баг МУИС-ийн шигшээ багийг хожиж, улсын аварга болсон. Би ЗХУ-ын Ленинградын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Монголд ирснийхээ дараа 1977 онд “Барилгачин” нийгэмлэгт ажиллаж, багаа дасгалжуулахын зэрэгцээ тоглодог байв. Дараа нь ШУТИС, МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд дасгалжуулагчаар ажилласан. Спортын төв сургуульд багшлахдаа нэг ангийн 16 хөвгүүн, таван охиныг 8-11 дүгээр анги хүртэл тамирчнаар бэлтгэсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Мөрөөдлийн баг” УАШТ-ийг 2012 онд зохион байгуулахад 21 аймаг, есөн дүүргийн шигшээгийн тамирчид өрсөлдсөн. Тэр тэмцээнд хөвгүүдийн баг нь аваргаар шалгарч, охид нь мөнгөн медаль хүртэж байлаа.
-Хоёр хөрш орон сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэх суурийг тавьсан гэх юм билээ.
-Оросууд ДАШТ, олимпын аварга болсон ч хятадууд шиг сагсан бөмбөгийн спортын хөгжил нь нийтлэг бус байсан. Намайг тамир чин байхад манайхан оросуудын арга барилаар тоглодог байлаа. Монголоос хойд хөршид сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар төгссөн хүн гарын арван хуруунд багтахаар бий. Тэдний нэг нь дээр дурдсан Ж.Бямбажав багш. Д.Содномзундуй гуай Н.Мэндсайхан бид хоёрыг Бээжингийн хүүхдүүдтэй тоглуулахаар дасгалжуулагчаар авч явсан юм. Тэрбээр нэг өдөр “Дамбаа өнөөдөр Ю Гань багш ирнэ” гэлээ. 1959 онд БТСХ-ны урилгаар Бээжингийн их сургуулийн Биеийн тамирын тэнхимийн багш Ю Гань ирж, “Алдар” нийгэмлэгийн тамирчдаас сонгон авч, бэлтгэл хийлгэн, сагсан бөмбөгийн дасгал, техник заасан нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмэр болсон түүхтэй. Түүнийг ирэхэд нь би уулзсан юм. Тэрбээр тухайн үед 80 гаруй настай, БНХАУ-ын Сагсан бөмбөгийн холбооны зөвлөхөөр ажиллаж байв. Гадаадынхан ахмад тамирчин, дасгалжуулагчдынхаа туршлагад тулгуурлаж, спортын төрлүүдээ хөгжүүлдэг бол манайхан хөгшин гэж голж, хамтран ажилладаггүйгээсээ болоод алдаа гаргадаг.
-Та Ленинградад сурдаг байхдаа сагсан бөмбөгийн тэмцээн сонирхож үздэг байв уу?
-Намайг оюутан байхад ЗХУ-ын “Спартак” гээд алдартай баг байлаа. Тус багийнхан Италийн “Чинзано” багтай тоглосон тоглолтыг үзсэн. Тус багийн тоглогч Александр Белов 1972 оны Мюнхений олимпын сагсан бөмбөгийн тэмцээнд тоглолт өндөрлөхөд гурван секунд үлдсэн байхад бөмбөг хийж, багаа аварга болгосон. Тэр үед олимпод оролцсон сагсан бөмбөгийн шигшээ баг ЗХУ-д харьяалагддаг улсуудын (Латви, Литва, Эстони) тамирчдаас бүрдсэн байв. Бидний үеийнхэн дэлхийн алдартай, шилдэг тамирчдыг зурагтаар үзэж, сэтгүүлээс мэдээлэл авдаг байлаа.
-Монголын сагсан бөмбөгийн спорт дардан замаар замнаагүй. Амаргүй бүхнийг даван туулж, хөгжил рүү тэмүүлсэн байх аа?
-1990-ээд оны үед нийгэм зах зээлд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй байхад олон тамирчин спортоос холдсон. Сагсан бөмбөгийн холбооноос Спортын төв ордонд тэмцээн зохион байгуулахад ирж үздэг хүн ховор болсон. Тэр үед улсын төсөв хөрөнгө гэж байсангүй. Жил бүр зохион байгуулдаг УАШТ-ээ өнжүүлэхгүй тулд арай ядан хийдэг байв. 1994 оноос Монголд спортын төрлүүд клубийн системд шилжиж, багууд харьяалах эзэнтэй болсноор хөгжиж ирлээ.
-БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Пак Сюн Кюнтай та нэг хэсэг хамтарч ажилласан. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд энэ хүний нөлөө их байсан биз.
-Тэрбээр Монголд 2004 онд ирж, шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Өдгөө спорт сонирхогчдын дунд Пак багш хэмээн алдаршсан. Гадаадынхан “Монголд багийн спорт хөгжихгүй, тэр тусмаа сагсан бөмбөг” гэж ярьдаг байв. Тухайн үед оргүй зүйл биш байлаа. Түүний бэлдсэн шавь нар “Хасын хүлэгүүд” багийнхан. Дасгалжуулагчийн хувьд тамирчдыг өөрийнх нь нөөц, боломжид тулгуурлаж, ур чадварыг нь хөгжүүлэхийг зорьдог. Тамирчдад “Та нар өөртөө байгаа хамгийн дээд зэргийн хурдаар ажилла” гэж зөвлөнө. Манай тамирчид амжилт гаргах болсон нь түүний ухаан, ур чадвартай холбоотой. Тэрбээр БНСУ-аас дээд сургуулиудын багийг урьж, Монголын дээд лигт өрсөлддөг багуудтай тоглуулдаг байлаа. Ингэсний ачаар манайхны ур чадвар ч сайжирсан. Түүний туслах дасгалжуулагчаар ажиллахдаа олон зүйл сурсан. Миний хувьд харсан, мэдсэн зүйлийнхээ ач тусыг гаргаж, шавь нартаа заасан. Тэд минь “Этүгэн” их сургуулийн шигшээ багт тоглож, 2017 оны дээд лигээс мөнгөн медаль зүүсэн дээ.
-Ач нараас тань сагсан бөмбөг тоглодог байлгүй?
-Манайх хоёр охинтой. Бага охины том хүү 15 настай, биерхүү. Охин нэг өдөр “Аав аа, манай хүү сагс тоглoё гээд байх юм. Та шидэлт заагаад өгөөч” гэлээ. Байрных нь гадаах талбайд шидэлт зааж өгтөл хурдан сурсан. Хойшдоо дуртай байвал хичээллүүлэх бодол бий. Ач хүү найзууддаа “Та нар манай өвөөг хар. Сагсан бөмбөг хэрхэн тоглохыг зааж байхад өөр зүйл битгий сонирхоод байгаарай” гэдэг юм.