Хөгжим бүжгийн коллежийн биеийн тамирын талбайг “Нутгийн буян” компанийнхан хашаалж, хэн нь мэдэгдэхгүй нууц ноёнтон барилга барихаар зэхэж буй. Харин дээрх хууль бус, дээрэнгүй үйл явдлыг Монгол Улсын Консерваторийн багш, ажилтан, оюутнууд эсэргүүцсээр. Тиймдээ ч эсэргүүцлээ үйлдэл болгож, цохивор хөгжмийн ангийн оюутан, сурагч, төгсөгчид, багш нар өчигдөр дээрх газарт барьсан хашааг бөмбөрдөн, бичлэг хийж, цахим орчинд түүнийгээ цацсан юм. Монгол Улсын Консерваторийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат багш Б.Зоригт уг үйл ажиллагааг удирдан, зохион байгуулсан. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та бүхэн Хөгжим бүжгийн коллежийн биеийн тамирын талбайг хууль бусаар хашаалж, барилга барих гэж буйг эсэргүүцээд хэд хонолоо. Үр дүн гарч байна уу?
-Дарга нар тоохгүй байна. Тиймээс энд ямар учиртай хашаа хатгав, хэний компани ийм дээрэнгүй үйлдэл гаргав, ард нь хэн байна гэдгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад дуудлага өглөө. Сая цагдаагийн бүрэлдэхүүн ирээд тэмдэглэл хөтөлж, үзлэг шалгалт хийгээд явлаа. Бид ч мэдүүлэг, тайлбар өглөө.
-Удирдах байгууллагадаа хандсан биз дээ?
-БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, хотын дарга Д.Сумъяабазар нарт энэ талаар дуулгаж, зүй бус үйлдлийг зогсоож өгнө үү хэмээн албан бичиг илгээсэн. Үүнээс гадна барилга барихын цаана авлига, албан тушаалын ноцтой гэмт хэрэг байж болзошгүй учраас АТГ-т ч шалгуулах хүсэлт гаргалаа. Одоогоор бүгд чимээгүй, хариу өгөөгүй байна.
-Гэрээ хэлцлийн дагуу барилгаа барьж байгаа юм биш үү?
-Анхнаасаа бүх зүйлийг хууль зөрчин хийсэн юм билээ. Монгол Улсын Ардын багш М.Цэрэндорж өмнө нь жил гаруйн хугацаанд Хөгжим бүжгийн коллежийг удирдсан. Тухайн үед БСШУСЯ-ны удирдлага өвгөн багшийн насаар “тоглолт” хийж, хуурч гарын үсэг зуруулсан юм билээ. Ийм үйл явдал болсны дараа М.Цэрэндорж багш бидэн дээр ирсэн. Улмаар “Би өтөлсөн болохоос үхээгүй. Яамныхан хэлсэн ярьснаасаа огт өөр авир гаргалаа. Энэ хууль бус явдалтай тэмцэнэ” гэдгээ албан ёсоор хэлээд явсан. Хуурамч гэрээ хэлцэл байсан нь олон баримтаар илэрхий болсон. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн БСШУСЯ-ныхан өвгөн багшийг хуурч, гарын үсэг зуруулсан. Багшид багахан газарт ийм барилга барина гэсэн. Бодит амьдрал дээр тооцоолсон газраасаа хэдэн арван метр илүү талбайг улаан цайм хашаалчихаад, жинхэнэ эзэд нь нуугдаж байна. Хоёрдугаарт Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөлийг хуралдуулж, зөвшөөрөл аваагүй. Гуравдугаарт, гэрээ гэгчдээ ерөнхий нягтлангаар гарын үсэг зуруулаагүй. Тооцооны нягтланг машинтай явж байхад нь замаас нь тосож, гудамжинд гарын үсэг зуруулсан гээд хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан байна.
-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөгжим бүжгийн коллежийн хашаанд “Нутгийн буян” компанийнхан барилга барихаар зэхэж буй гэх сураг дуулдлаа. Олон жил бусдын газрыг булааж дээрэмдэж ирсэн, нарийн зохион байгуулалтад орсон компани гэсэн. Том биетэй, хүдэр бөхчүүдийг ашиглаж, бусдын газрыг булаахдаа мэргэшсэн юм гэнэ билээ. Тиймээс баяр наадмыг далимдуулан ямар нэг үйлдэл хийж болзошгүй хэмээн айж, бид өдөр бүр эндээ ирсээр байна. Одоогоор тэр дээрэнгүй бөхчүүд нь харагдахгүй байна. Өнөөдөр Боловсролын үнэлгээ төв барина гэж байгаа ч начир дээрээ хэдэн давхар объект барьчихаад хувийн эзэмшилд очиж болзошгүй. Өмнө нь нэгэн улсын байгууллагынхан ажилтнуудын орон сууц барих гэрээ байгуулж, газраа өгсөн чинь тус хэсэгт нь 15 давхар буудал бариад өөрсдийг нь хөөсөн тохиолдол гарсан шүү дээ. Тиймээс бид үр дүн гартал өдөр бүр эндээ тэмцлээ явуулах болно.
Багш нарын эсэргүүцэл үзүүлж буй бичлэг https://www.facebook.com/MUKturhoroo/videos/603198163979117/