Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим орчинд сурталчилгаа явуулахтай холбоотой, хуулийн заалт болон журам зөрчсөн тохиолдол гарсан уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран цахим орчинд хяналт тавилаа. Ингэхдээ ХХЗХ нь ШӨХТГ, ЦЕГ, МХЕГ-аас ирүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн тухай дүгнэлт, шийдвэр бүхий албан бичигт үндэслэн технологийн арга хэмжээ авсан юм. Цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох, нэр дэвшигчийн талаар худал, гүтгэн доромжилсон мэдээлэл түгээсэн зөрчил голчлон гарлаа. Сонгуулийн хугацаанд эдгээр байгууллагаас 536 шийдвэр, дүгнэлт ирүүлсний дагуу хууль зөрчсөн контентыг түр хязгаарлах хүсэлтээ “Фэйсбүүк” компанид хүргүүлсэн. Тус компанийнхан 291 буюу 54 хувийг нь шийдвэрлэж хариу ирүүлсэн юм. Мөн долоон сайтыг хууль зөрчсөн гэх шийдвэр, дүгнэлт ирүүлсний мөрөөр тухайн эзэмшигчид нь мэдэгдэл хүргүүллээ.
-Нэр дэвшигчид, нам, эвслүүдийн бүртгүүлсэн, албан ёсны хаягнаас бус, хувь хүний цахим хуудаснаас сурталчилгаа явуулж байна гэх шүүмжлэл цөөнгүй гарсан.
-Гурван нэр дэвшигч, нам, эвсэл хуульд заасан хугацаанд нийт 25 хаяг (гурван сайт, твиттерийн зургаан хаяг, фэйсбүүкийн долоон пэйж хуудас, инстаграмын дөрөв, “Youtube”-ийн хоёр хаяг) бүртгүүлсэн. Хэрэв цахим хуудаснаас сонгуулийн сурталчилгаа явуулахаар бол ХХЗХ-нд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу 583 цахим хуудсыг бүртгүүлсэн байна. Бүртгүүлээгүй цахим хуудас, хаягнаас сонгуулийн сурталчилгаа явуулсан талаарх албан ёсны шийдвэр, дүгнэлтийг холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлээгүй.
-Фэйсбүүкээс бусад платформд хяналт тавих боломжийг хэзээ бүрдүүлэх вэ?
-ХХЗХ нь 2019 оноос хойш “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллаж байна. Мөн 2021 оны тавдугаар сараас “Youtube” платформтой холбоо тогтоон, хууль бус контентын чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд удахгүй үр дүн нь гарна гэж найдаж байгаа. Олон улсын бусад платформтой цаашид хамтран ажиллахаар төлөвлөсөн. Цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор ажил нь удааширч байна.
-Радио, телевизүүд танайд бүртгүүлж байж сурталчилгаа явуулах эрхтэй. Хэд нь бүртгүүлсэн бэ?
-ХХЗХ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34.6, 41, 43.11 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио, телевизээр сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу тавдугаар сарын 22-ноос өнгөрсөн сарын 9-нийг дуусталх хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизийн хөтөлбөрт хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.
Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол манайд бүртгүүлэх үүрэгтэй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг (зөвхөн үндсэн сувгаар) урьдчилан гаргасан. Тодруулбал, олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизийн үйлчилгээ эрхэлдэг нийт 211, тусгай зөвшөөрөл эзэмшигч 161 радио, телевизийн жагсаалтыг эзэмшлийнх нь мэдээллийн хамт дөрөвдүгээр сарын 23-нд өөрийн цахим хуудсандаа байршуулсан юм. Харин хуулийн холбогдох заалтын дагуу хүүхэд, теле худалдааны төрөлжсөн болон төлбөртэй радио, телевизийг жагсаалтад оруулаагүй. Мөн үйл ажиллагаа явуулж эхлээгүйг нь үүнд багтаагаагүй. Үүнийг хасвал, дээрх жагсаалтад багтсан 161 радио, телевизээс манайд сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ, холбогдох баримт бичгийн (сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарь, зар сурталчилгаа нэвтрүүлэх хоёроос доошгүй гэрээ, үнийн санал) хамт ирүүлэх ёстой юм. Тэгвэл тэдний 25 нь сурталчилгаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Харин долоо нь огт мэдэгдэл ирүүлээгүй. Тиймээс 129 радио, телевиз энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгаа түгээлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 36 телевиз, 22 радио, орон нутагт 58 телевиз, 13 радиог бүртгэсэн юм. Бүртгүүлээгүй мөртлөө сурталчилгаа нэвтрүүлсэн тохиолдол байхгүй.
-Голчлон ямар төрлийн зөрчил гаргасан юм бол?
-Радио, телевизүүд сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлж, дуусгасан. Мөн сурталчилгааг хоногт 45 минутаас хэтрүүлсэн зөрчил бүртгэгдээгүй. Түүнчлэн сурталчилгаа нэвтрүүлэхдээ эх сурвалжийг нь тодорхой дурдаагүй зөрчил гараагүй. Өмнөх сонгуультай харьцуулахад редакцын бэлтгэсэн мэдээг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэх тохиолдол маш бага байлаа. Тухайлбал, Улаанбаатар хот дахь найман телевизээр сурталчилгааг нийт 2011 сек хүртэл хэтрүүлсэн тохиолдол 1-2 удаа гарсан даруйд нь анхааруулга, зөвлөмж өгсөн. Харин хоёр телевизээр хугацааг хэтрүүлэх тохиолдол дахин гарсан учир сануулах арга хэмжээ авсан.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш нэр дэвшигч оролцсон сонгуулийн сурталчилгааны бус аливаа нэвтрүүлэг болон өмнө нь бэлтгэсэн контентыг нь цацахгүй байх ёстой. Улаанбаатар хотын нэг телевизээр өмнө нь бэлтгэсэн, экологийн нэвтрүүлэгт “нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Засгийн газар” гэж дурдан, дүрсийг нь нэг секунд гаргасан тул анхааруулсан. Мөн спортын сувгаар нэг нэр дэвшигчийн дүрсийг хальт багтаасан, 2016 оны сагсан бөмбөгийн тэмцээний бичлэгийг нэвтрүүлсэнд зөвлөмж өгсөн. Орон нутгийн нэг телевиз нэр дэвшигчийг тухайн аймагт сонгуулийн сурталчилгаа хийх үеэр нь ярилцлагад оролцуулж, зөвхөн цахим орчинд шууд дамжуулж байсан ч операторын алдаанаас болж телевизийн эфирээр гарч эхэлсэн бөгөөд удалгүй зогсоосон юм. Орон нутгийн нэг телевизээр нэр дэвшигч Д.Энхбатын “Клабхаус дахь халз мэтгэлцээн” нэртэй хэлэлцүүлэг, ярилцлага нэвтрүүлсэнд сануулах арга хэмжээ авсан.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль мэтгэлцээнгүй болж өнгөрлөө. Нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулж, радио, телевизээр цацах хуваарийг танайх гаргах боломжтой байсан уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.17, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио, телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын 3.15-д заасны дагуу мэтгэлцээн нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй. Гэхдээ мэтгэлцээний нэвтрүүлэгт бүх нэр дэвшигчийг оролцуулж, тогтсон дэгтэйгээр явуулахыг хуульчилсан. Тиймээс зөвхөн МҮОНТ бус, өргөн нэвтрүүлгийн болон арилжааны бусад телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй, эсэхээс үл хамааран мэтгэлцээн зохион байгуулах нь нээлттэй. Харин мэтгэлцээнд нь бүх нэр дэвшигчийг оролцуулж, намын харьяаллыг нь нэвтрүүлгийн туршид илэрхийлэх, тодорхой дэгтэйгээр зохион байгуулахад нь ХХЗХ хяналт тавих юм. Мэтгэлцээн зохион байгуулж, радио, телевизүүдээр нэвтрүүлэх хуваарь гаргах, радио, телевизүүдийн хөтөлбөрт хөндлөнгөөс оролцох чиг үүргийг манайд олгоогүй.
МҮОНРТ-ээс зургадугаар сарын 7-нд мэтгэлцээн зохион байгуулах үүднээс ХХЗХ-ны тогтоолын хавсралтаар баталсан хуваарь, цагт өөрчлөлт оруулахаар хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу тухайн өдрийн хуваарьт холбогдох өөрчлөлт оруулсан билээ.
-Сурталчилгаа нь дохионы хэлний орчуулгатай, эсвэл хадмал тайлбартай байх ёстой. Үүнийг нэр дэвшигчид хэр хэрэгжүүлсэн юм бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.27-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэж заасан. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нийт 168 цагийн нэвтрүүлгийн 166 цаг нь дохионы хэлний тайлбартай байсан. Харин үлдсэн хугацааны нэвтрүүлгийг бичгэн тайлбартайгаар цацсан байна. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хүртээмжтэй болгож, дохионы хэлний орчуулгатай бэлтгэх үүргээ сайн биелүүлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны контентыг цагийг нь тулгаж телевизүүдэд хүргүүлдгээс дохионы хэлний орчуулга, эсвэл хадмал тайлбартай гаргахад хүндрэл учирдаг. Тиймээс тухайн сурталчилгааг анх бэлтгэхдээ хуулийн шаардлагыг хангах нь зөв.
-Сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээллийг хэр их түгээсэн бэ?
-Улаанбаатарын 21 телевизээр 63, орон нутгийн 30 телевизээр 150 цагийн турш сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг цацсан. Сонгогчдын боловсролд зориулсан сурталчилгаа, нэвтрүүлгийн эх сурвалжийг авч үзэхэд СЕХ, “Сонгогчдын боловсрол төв” ТББ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Глоб интер нэшнл” ТББ-аас бэлтгэсэн байсан. Улаанбаатар хотын долоон радиогоор ийм төрлийн мэдээ, мэдээллийг нийт 18 цагийн турш түгээсэн байна.
-Нэг нэр дэвшигчийн талаарх сурталчилгааг радио, телевизүүд голчлон гаргасан тохиолдол бий юү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.6, 41.7-д заасны дагуу нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг хоногт 15, мөн гурван нэр дэвшигчийн талаарх сурталчилгааг хоногт нийт 45 минутаас хэтрүүлсэн, эсэхэд манайх хяналт тавьсан. МҮОНРТ-ийн тухайд зөвхөн нэг нэр дэвшигчийн талаарх сурталчилгааг нэвтрүүлсэн байх боломжгүй. Учир нь тус телевиз нь ХХЗХ-ноос баталсан хуваарь, цагийн дагуу сурталчилгааг нэвтрүүлэх үүрэгтэй, үүнийгээ биелүүлсэн.
Арилжааны телевизүүд бол МҮОНРТ шиг сурталчилгааг төлбөргүй нэвтрүүлэх үүрэг хүлээхгүй. Харин нэр дэвшигч, нам, эвсэлд ижил, нөхцөл, боломж олгосон байх нь чухал. Тиймээс сурталчилгааны хугацаанд аль болох зөвхөн нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сурталчилгааг нэвтрүүлэхгүй байх нь зүйтэйг урьдчилан зөвлөсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.6-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. Үүнд ШӨХТГ хяналт тавих юм.
-Ер нь телевизүүдийн хөтөлбөрт яаж хяналт тавьдаг юм бэ?
-Манайд бүртгүүлсэн, эрх бүхий 94 телевизийн хөтөлбөрт хууль, журамд заасан үзүүлэлт бүрээр хяналт тавьдаг. Мөн сурталчилгаа нэвтрүүлэх эрхгүй болон бүртгүүлээгүй 54 телевизээр сурталчилгаа цацаж байгаа, эсэхийг хянасан. Улаанбаатар хот дахь тусгай зөвшөөрөлтэй арилжааны 83 телевиз болон МҮОНРТ-ийн сувгууд, орон нутаг дахь 65 телевизийн 24 цагийн эфирийн хөтөлбөрийг хөндлөнгөөс бичихийн тулд бэлтгэл ажлаа маш сайн хангасан юм. Телевизүүдийн эфирийн бичлэгийг хяналтын цэгт дамжуулах шилэн кабелийн шөрмөс түрээслэх, нөөц архив үүсгэх, дүрс бичлэг нийлүүлэх, тоног төхөөрөмж байршуулах зэргийг харилцаа холбооны оператор компаниудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Харин “Максима медиа” ХХК-тай гэрээ байгуулж, телевизүүдийн хөтөлбөрт байнгын хяналт, мониторинг хийлгэх болон бусад ажлыг хариуцуулсан. ХХЗХ нь мониторингод хамрагдсан бүх телевиз, сувгийн эфирийн бичлэгийг гурван сар хадгалах серверийн тоног төхөөрөмж, шийдлийг бүрдүүлж, техникийн бэлэн байдлыг хангадаг.
-Радио, телевизээр нэр дэвшигчид хэчнээн цагийн сурталчилгаа нэвтрүүлсэн юм бэ?
-Улаанбаатар хот дахь эрх бүхий 26 телевизээр нэр дэвшигчдийн талаарх 168 цагийн контент нэвтрүүлсэн байна. Тухайлбал, нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаарх мэдээллийг 64 цаг 43 минут цацсан буюу 39 хувьтай байна. Нэр дэвшигч С.Эрдэнийнх 64 цаг 24 минут буюу 38, нэр дэвшигч Д.Энхбатынхыг 38 цаг 56 минут буюу 23 хувьтай нэвтрүүлжээ. Харин орон нутгийн 37 телевизээр нийт 174 цаг 25 минутын сурталчилгаа түгээсэн. Үүнийг задалбал, нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаар 43 цаг 07 минут буюу 24.3, С.Эрдэнийнх 60 цаг 45 минут буюу 34.8, Д.Энхбатынх 71 цаг 11 минут буюу 40.8 хувьтай байна. Улаанбаатар хот дахь 22 радио сурталчилгаа нэвтрүүлэх эрх авсан. Гэхдээ 12-оор нь л нийт 51 цагийн сурталчилгаа цацжээ. Үүнээс нэр дэвшигч У.Хүрэлсүх болон С.Эрдэнийн талаарх сурталчилгаа тус бүр 47, Д.Энхбатынх тав гаруй хувьтай байлаа.