Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.
-Нэгэн иргэн эмнэлгийн гадна очсон хэрнээ эрүүл мэндийн тусламж авч чадалгүй нас барлаа. Үүний мөрөөр танайх юу хийж байна вэ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн ийм тохиолдол нэг биш удаа гарсаар байна.
-Анхаарал татсан, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэрэг, тохиолдол гарсан даруйд ХЭҮК-ынхон юуны өмнө тухайн тохиолдлын үйл баримт, холбогдох эрх бүхий байгууллагуудын авч буй арга хэмжээг тодруулдаг. Мөн хүний эрхийг зөрчсөн үйлдэл нь үргэлжилж байгаа, эсвэл цаашид хүний бусад эрх, эрх чөлөө хөндөгдөх магадлалтайг нягталж, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авхуулдаг юм. Тиймээс Баянзүрх дүүргийн XXII хороон дахь “Энэрэл” эмнэлгийн гадна нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тухай дуулсан даруйдаа тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга нараас мэдээлэл авсан. Энэ үед Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгах ажиллагааг эхлүүлсэн байсан. ХЭҮК-ын тухай хуульд зааснаар комисс нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг маргаанд хөндлөнгөөс оролцдоггүй. Гэхдээ цар тахлын нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдлуудыг баримтжуулж авах нь цаашид хууль тогтоомжоо сайжруулах, бодлого тодорхойлох, хууль хэрэгжүүлэх практикийг өөрчлөх ач холбогдолтой.
Зургадугаар сараас эхлэн Монгол Улсад цар тахлын нөхцөл хүндэрч, олон хүн халдвар авч, одоогоор 646 хүн амиа алдлаа. Гэвч ийм нөхцөлд хэрхэн ажиллах стратеги нь тодорхойгүй, эмнэлгийн тусламж яаж авах талаар олон нийтэд өгч буй мэдээлэл нь бодит бус, ойлгомжгүй байна. Тиймээс дээрх тохиолдлын адилаар хүний эрх зөрчигдөх өндөр эрсдэл бийг комиссоос эрх бүхий байгууллагуудад анхааруулсаар байгаа. Нөгөө талаас коронавирусийн халдварт хэн хамгийн их өртөж, амь насаа алдаж байгаад бид анхаарч байна. Бидэнд ирүүлсэн мэдээлэлд үндэслэн урьдчилсан байдлаар дүгнэхэд орлого багатай, ядуу иргэд халдвараар амиа алдах эрсдэл өндөр байгаа. Орлого багатай хүмүүс ихэвчлэн нэг гэрт олноороо амьдардаг, амьдралаа залгуулахын тулд гэрээсээ зайлшгүй гарч, ажил хөдөлмөр эрхлэх ёстой болдог, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд, хүнд нөхцөлд ажиллах нь их учраас эрсдэл өндөртэй. Мөн өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламжид хамрагдах, шаардлагатай эм хэрэгслийг худалдаж авах чадвар муу, мэдээлэл хангалтгүйгээс өвчин нь хүндэрч, амь насаа алдах нөхцөл үүсдэг байж болзошгүй. Цар тахлын үед манай нийгмийн тогтолцооны хэв шинж тод илэрч байна.
Эмнэлгийн гадна хүн нас барсан хэрэгтэй холбогдуулан анхааруулах өөр нэг чухал зүйл бол хувийн нууцыг нь дэлгэсэн явдал. Нас барсан иргэн яагаад хоёр хоногийн өмнө эмнэлэгт хандсан, яагаад эмнэлгийн тусламж авч чадаагүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан олон нийтэд мэдээлэл өгөхдөө шаардлагагүй, хувь хүний амьдралын талаарх мэдээллийг дэлгэсэн нь хүний эрхийн зөрчил. Мөн амиа хорлох гэсэн иргэнийг нийслэлийн Онцгой байдлын газраас аварсан талаар фэйсбүүк хуудсаараа мэдээлэхдээ тухайн хүний нэр, оршин суудаг хаяг, амьдардаг газар, болсон үйл явдлыг тодорхой дүрслээд зогсохгүй царайг нь харагдахуйц байдлаар зургийг нь байршуулсан байв. Комиссоос энэ талаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд шаардлага тавьж байна.
-Хуульд “Комиссын дарга Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын хүсэлтээр хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар зөвлөх эрхтэйгээр оролцож болно” гэж заасан байдаг. Ерөнхий сайдаас танай байр суурийг сонсох зорилгоор хуралдаанд оролцох хүсэлт ирүүлсэн удаа бий юү?
-Засгийн газрын хуралдаанд оролцож, хүний эрхийн талаас нь зөвлөх, дүгнэлт хийх тухай хүсэлтийг ХЭҮК-ын даргад ирүүлээгүй. Гэхдээ Засгийн газраас ХЭҮК-той нягт хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж буйд талархаж байна. Ерөнхий сайд комиссын гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийсэн. Үүнээс гадна ХЭҮК-ын гишүүд хүний эрхийн асуудалд голлох үүрэгтэй ХЗДХЯ, БШУЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ зэрэг яам, мөн зарим агентлагийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон. Энэ жил албадан хөдөлмөр, ажлын байрны аливаа хэлбэрийн дарамт, гадаадад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах болон эрүүл мэнд, боловсролын салбарт үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлэхээр Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон юм. Комиссын дүгнэлтийг тэд хүлээн авч, мэргэжлийн зөвлөгөөг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь талархууштай.
-УОК-ын хуралд комиссын гишүүнийг оролцуулахгүй, хяналт тавих боломж олгохгүй байна гэсэн.
-ХЭҮК 2020 оны арванхоёрдугаар сараас хойш УОК-ын хуралд ажиглагчаар оролцсон. Харин шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш оролцуулаагүй. Гэхдээ үүнд манайх оролцохгүй байлаа гээд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг биш. Бид хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ байгаа мэдээлэл, баримтын хүрээнд ямар ч тохиолдолд биелүүлнэ. Харин УОК-ын үйл ажиллагааг хүний эрхийн мэдрэмжтэй явуулахад зөвлөх, туслах зорилгоор хуралд нь оролцъё гэсэн юм. Тухайлбал, хүний хувийн нууцыг хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх, төрийн бодлогын гадна үлдэж байгаа хүмүүсийн нөхцөл, хөл хорио нийгмийн ямар бүлэгт хэрхэн нөлөөлж байгаа зэрэг нийгмийн олон асуудалд хүний эрхийн хэм хэмжээг сануулж, зөвлөн, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хэн нэгнийг өндөр дуугаар загнаснаар асуудал шийдэгдэхгүй. УОК, цар цахлын үед тусгай үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг буруутгах, шахах, шаардах гэхээсээ илүү дэмжих, зөвлөх, туслах стратегийг бид баримталж байгаа. Гэхдээ энэ нь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд “толгойг нь илнэ” гэсэн үг огт биш.
-Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлэхгүй бол тухайн албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах боломжтой. Гэтэл танайхаас өнгөрсөн хугацаанд УОК-т хүргүүлсэн зөвлөмж, шаардлагыг хангалттай биелүүлсэнгүй.
-Хүний эрх зөрчигдсөн тухай гомдол, мэдээллийн мөрөөр хүргүүлсэн, комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй нь захиргааны хариуцлага тооцуулах үндэслэл болно. ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн мөрөөр төрийн байгууллагууд арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу ирүүлэх нь харьцангуй сайн бай гаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд комиссын гишүүний 30 зөвлөмж, 25 шаардлага хүргүүлсний 19-ийнх нь мөрөөр арга хэмжээ авч, тогтоосон хугацаанд хариу ирүүлсэн. Үлдсэнийх нь хариуг ирүүлэх хугацаа нь болоогүй байна.
-Иргэдээс хэр их өргөдөл, гомдол ирүүлж байна вэ?
-Зургадугаар сарын 30-ны байдлаар комисст 770 гомдол, мэдээлэл ирүүлээд байна. Өмнө нь бүтэн жилийн хугацаанд ийм тооны өргөдөл хүлээж авдаг байлаа. Хүний эрхийн зөрчил мөн, эсэхийг тогтооно гэдэг нь нэг зураг, эсвэл дүрс бичлэг хараад хэлэх хэмжээний амархан асуудал биш. Хүний эрхийн зөрчлийг тогтооход хоёр чухал “орц” бий. Нэгдүгээрт, үйл баримт. Нэг өнцгөөс гэрэл зурагт буулгасан тохиолдол нөгөө өнцгөөс харахад өөр байж болно. Тэгэхээр тодорхой тохиолдлын мөрөөр комиссынхон албан, албан бус, нийгмийн сүлжээнд цацсан гээд боломжит бүх эх сурвалжаас мэдээлэл авч, баримтжуулдаг. Хоёрдугаарт, холбогдох эрх зүйг нь тайлбарлах явдал. Хүний эрхийн эрх зүй нь тусгай эх сурвалжтай, хууль зүйн нэр томьёо нь онцгой агуулгатай, түүнийгээ тайлбарладаг онол номлолтой. Өнгөрсөн 20 жилд хүний эрхийн эрх зүйн хэрэглээ манай улсад мэргэжлийн түвшинд төлөвшөөгүй. Тэгэхээр үйл баримтыг нь тогтоосны дараа энэ асуудалд холбогдох хуулиар хэрхэн зохицуулсныг судалдаг. Үүний үндсэн дээр хүний эрх зөрчигдсөн, эсэхийг тогтооно. Хүний эрхийн эрх зүй бол хувь хүний эрх, эрх чөлөө болон нийтийн эрх ашгийн зохист тэнцвэрийг олдог. Мэргэжлийн ийм хэрэглээг төлөвшүүлэхэд ХЭҮК хүчин чармайлт гаргана.
-Өмнөх болон одоогийн Засгийн газрын үед хүний эрх, эрх чөлөө улам дордлоо гэж хүмүүс шүүмжилж байна.
-Нэгдүгээрт, хэдийгээр манай улсад бэрхшээл, зөрчил, дутагдал олон байгаа ч бас эерэг үзүүлэлтүүд бий. Жишээлбэл, “Freedom house” гэх байгууллага 2002 оноос хойш дэлхийн эрх чөлөөний индексийг гаргаж ирсэн. Цар тахал, дэлхийн улс төрийн “уур амьсгал”-аас улбаатайгаар ардчилсан орон зай хумигдаж, ялангуяа иргэний эрх, эрх чөлөө хязгаарлагдах боллоо гэсэн дүгнэлтийг энэ оны индексээр гаргасан. Мөн дэлхийн хүн амын 20 хувь нь эрх чөлөөт улсад амьдарч байгаа гэжээ. Энэ 20 хувьд Монгол Улс багтсан. Цар тахлын нөхцөлд сонгуулиа явуулж, төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн, иргэд үзэл бодлоо тодорхой хэмжээнд илэрхийлж, жагсаж цуглах, төрийн үйл ажиллагааг шүүмжлэх боломжтой байна. Энэ бол ололт. Харин энэ орон зай хумигдах эрсдэл бий гэж зарим мэргэжлийн байгууллагынхан сануулж байгаа. Хоёрдугаарт, цар тахлын үед хатуу хориг тогтоосон улсын тоонд Монгол Улс багтсан. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн боловсролын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, зорчих хөдөлгөөнийг нэлээд өргөн хүрээнд удаан хугацаагаар хязгаарласан. Мэдээж цар тахлын үед нийгмийн олон талт амьдралыг хэрхэн зохицуулах туршлага Монгол Улс гэлтгүй дэлхийн ихэнх оронд дутагдсан. Энэ тааварлашгүй, мэдээлэл, баримт муутай нөхцөлд Монгол Улс бусад орны адил “хийнгээ сурах” гарцаагүй шаардлага үүссэн. Одоо ч энэ байдал үргэлжилсээр. Гэтэл ийм тодорхойгүй нөхцөлд ажиллах гамшгийн менежмент дутагдсан. Дотооддоо халдвар алдаагүй нь тодорхой болсон үед ч хорих, хязгаарлах арга хэмжээг урт хугацаанд авснаар яг хэрэгтэй үед нийгмийн хүлцэх байдлыг бууруулсан гэж харж байна.
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийн мөрөөр УИХ-аас тогтоол баталсан. Үүнд юу тусгасан бол?
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Тогтоолын төсөлд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 10, бусад асуудлаар дөрвөн арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байгаа.
Эмнэлгийн гадна хүн нас барсан хэрэгтэй холбогдуулан анхааруулах өөр нэг чухал зүйл бол хувийн нууцыг нь дэлгэсэн явдал. Нас барсан иргэн яагаад хоёр хоногийн өмнө эмнэлэгт хандсан, яагаад эмнэлгийн тусламж авч чадаагүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан олон нийтэд мэдээлэл өгөхдөө шаардлагагүй, хувь хүний амьдралын талаарх мэдээллийг дэлгэсэн нь хүний эрхийн зөрчил…
-УИХ-аас танай тайланд хийсэн үнэлгээ хэр бодитой вэ. Тодорхой кейсүүдэд суурилаагүй гэж шүүмжилсэн.
-УИХ-ын Хяналт, шинжилгээний албанаас ХЭҮК-ын илтгэлд үнэлгээ хийсэн. Үүнийг сайн практик гэж харж байна. Комиссын баримт, дүгнэлтийг арга зүйн талаас нь үнэлэх эрх хэнд ч нээлттэй. Ийм механизм биднийг улам “чангарахад” тустай. Тийм ч учраас бид илтгэлдээ тухайн асуудлаар шинжээчээр дүгнэлт, эрдэмтдээр шүүмж хийлгэдэг болохыг зорьж байна. Гэхдээ УИХ-ын Тамгын газрын дүгнэлттэй санал нийлэхгүй, зарчмын нэг асуудал бий. Дээрх илтгэл бол ХЭҮК-ын тайлан биш. Энэ нь хүний эрхийн тодорхой асуудлаарх мэргэжлийн дүгнэлт юм. Тодорхой асуудлын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар илтгэлдээ дутуу тусгасан гэж дээрх албаныхан дүгнэсэн. Энэ бол комиссын илтгэлийн мөн чанар, цаашилбал хүний эрхийн үндэсний байгууллагын статус, чиг үүргийг дутуу ойлгосны илрэл болов уу. ХЭҮК-ыг УИХ-аас байгуулдаг боловч хүний эрхийн хэрэгжилт улсын хэмжээнд ямар байгаад хяналт тавьдаг, мэргэжлийн байгууллага. Эрх баригч улс төрийн хүчний нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах учиртай. Ийм статусыг ХЭҮК-ын тухай хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажуулсан учраас үйл ажиллагааны хувьд бие даасан байх шаардлагатай. Харин комисс үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, нээлттэй байлгах ёстой.
-ХЭҮК-т олгосон одоогийн чиг үүрэг ажиллахад хязгаарлагдмал гэж та бодож байна уу. Яагаад ирэх жилийн төсвөө өмнөхөөсөө гурав дахин нэмэгдүүлэхээр төсөл боловсруулсан юм бэ?
-Хүний эрхийн судалгаа, хяналт, шалгалт хийж, хууль тогтоомж, хуулийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлыг өөрчлөх санал, зөвлөмж гаргах, хүний эрх зөрчигдсөн тухай өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх, соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулах чиг үүргийг ХЭҮК хэрэгжүүлдэг. Чиг үүрэг нь хязгаарлагдмал биш. Харин чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт зарим талаар тодорхойгүй байна. Дээрх чиг үүргийн хүрээнд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахад комиссын орон тоо, төсөв хангалтгүй. Комисс 56 алба хаагчтай, тэдний 21 нь орон нутагт, 35 нь төв байгууллагад ажилладаг. Ийм орон тоотойгоор олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. 2001 онд ХЭҮК-ыг байгуулахад эхний таван жилийн үйл ажиллагааны зардлыг НҮБ-аас санхүүжүүлж байсан. Энэ нь комиссын төсвийг багаар тогтоодог уламжлалт “урхаг” бий болоход нөлөөлсөн. Өнгөрсөн 20 жилд комиссын төсвийг бага багаар нэмсэн. Гэвч шаардлагатай үйл ажиллагаагаа зохистой хэмжээнд явуулах зардал нэн дутагдалтай байсаар ирсэн. ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилж, таван гишүүнтэй болгосон, хууль тогтоомжууд, олон улсын гэрээний хүрээнд комиссын чиг үүргийг өргөжүүлсээр байна. Манайхыг түшиглэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хоёр шинэ механизмыг удахгүй байгуулна. Хувь хүний нууцын тухай хууль зэрэг одоо боловсруулж буй хуулиудын хүрээнд ч манайд тодорхой чиг үүргийг хариуцуулахаар байна. Өнгөрсний урхгийг залруулах, шинэ механизмуудыг эхлүүлэх, чиг үүргүүдээ хэрэгжүүлэх үүднээс, мөн Тамгын газрын ажилтнуудынхаа цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг нь сайжруулах зардлыг тусган, төсвийн төслийг боловсруулсан юм.