Өнгөрсөн сард Ардын жүжигчин болсон, Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн дуулах ур зүйн багш А.Бүтэдтэй ярилцлаа. Монголын дуурийн дуучдын анхдагчдын нэгэн тэрбээр Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургууль төгссөн бөгөөд ДБЭТ-т гоцлол дуучнаар 24 жил ажиллахдаа дэлхийн болон үндэсний сонгодог 30 гаруй дуурийн гол болон туслах дүр бүтээсэн. 1993 онд тэтгэвэрт гарснаас хойш Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж олон шавь төрүүлсэн сурган хүмүүжүүлэгч. Улсынхаа дуурийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн их үйлсийн эзэн, эгэл даруу уран бүтээлчтэй хөөрөлдөх завшаан тохиов.
-Хүмүүс улсад тэдэн жил ажилласан гэж ярих дуртай. Түүгээрээ бахархдаг. Та 52 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.
-Аргагүй дээ, би 15 настайгаасаа ажилласан юм. Цэргийн ансамбльд орохын тулд паспорт авахдаа нэг нас нэмээд бичүүлчихсэн болохоос үнэн хэрэгтээ 15-тайдаа дагалдан дуучин болсон юм.
-Та багадаа дуулдаг хүүхэд байжээ?
-Дуулах дуртай байсан. Эвийг нь оломтгой. Гэрт хүмүүс ирэхэд юм л бол дуулуулдаг байсан нь заримдаа залхуутай байлаа (инээв).
-Кинонд хэзээ тоглосон билээ?
-Дагалдан дуучин байхдаа кино жүжигчин болох шахсан юм.
-Та малчны охин гэдэг. Хэдийд нь энэ бүхнийг амжуулсан бэ?
-Ээж минь хөдөөнөөс орж ирээд, Офицеруудын ордонд одоогийнхоор бол үйлчлэгчийн ажил хийж байсан юм. 1960 онд “Миний хүү Цэргийн ансамбльд шалгуулаач. Энд оройн сургуультай юм байна” гэсэн л дээ. Тэгэхээр нь оройгоор сурч, аравдугаар анги төгсөхөө бодоод ансамбльд шалгуулж байлаа. Сургууль төгсөх тухай бодож очсон болохоос дуучин болох талаар төсөөлөө ч үгүй. Сайндаа ч тэнцээгүй байх. Г.Дарамзагд багш дэмжсэн санагддаг юм. Цагаан-Овоогийн хүн болохоор нутгийн хөгшний хүүхдийг ажилд авъя гэж бодсон уу, эсвэл үнэхээр дуулах дөр байсан болохоор сургаад авъя гэсэн үү, юутай ч тэнцүүлсэн.
-Та хаана төрсөн юм бэ?
-Төв аймгийн Баяндэлгэр сумд, Хэрлэн голын зүүнтээ Хавцал гэдэг газарт төрсөн. Ээж Дорнодын Цагаан-Овоогийн, Алтангэрэл аав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, хоёул малчин. Бас хоёулаа буриад. Миний төрсөн эцэг Сүхдоржийн Жанчив гэж хүн намайг хоёр настай байхад бурхан болсон. Өсгөсөн ааваараа овоглож явдаг. Төрүүлсэн аав минь бие муу байхдаа ээжид “Хүүхдүүдээ сургууль, соёл бараадуулаарай” гэж захисан юм билээ. Түүнийх нь дагуу ээж, Алтангэрэл аав хоёр биднийг эрдэм номын зах зухтай болгохоор хотод ирж суурьшсан гэдэг.
-Кино жүжигчин болох шахсан гэдэг нь “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны худалдагч Сувдаагийн дүрд тоглосноо хэлж байна, тийм үү?
-Тийм ээ. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор манайх, Ардын ансамбль, Хөгжимт драмын театр, бүхий л Соёлын ордны дуучдыг цуглуулж, Д.Лувсаншарав багшийн “Эх орон”-ыг бараг 300-гаад дуучны бүрэлдэхүүнтэй дуулуулсан юм. Түүнд оролцож явахдаа уг киноны дүрийн шалгаруулалт явуулж байхтай таарч, шалгуулсан. Ямар ч туршлагагүй, кино гэж юу байдгийг мэдэхгүй байж хүмүүсийг дагаж очтол тэнцчихсэн. Тавилан юм даа л гэж боддог. Дараа нь 1980 онд явуулж Б.Нагнайдоржийн найруулсан “Солонгын таван өнгө” киноны эх дагина Дондогдуламын, 1989 онд Х.Дамдингийн найруулсан “Амьдралын нахиа” киноны Цэрмаагийн дүрд тоглосон.
-Дуурийн дуучин болсон түүх нь бас л сонирхолтой байх даа?
-Цэргийн ансамбльд байхад Хөгжимт драмын театраас Г.Хайдав багш тэргүүтэй хүмүүс очиж дуучдыг сонссон юм. Дуурийн театр байгуулах болсонтой холбоотойгоор дуучдыг сургаж бэлтгэх ажил өрнөж байлаа. Төрөөс бодлогоор зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд шалгалтад тэнцэж, Болгар улсын Хөгжмийн дээд сургуулийн оюутан болсон. Тэнд таван жил суралцан, төгсөж ирээд Дуурийн театрт гоцлол дуучнаар орсон. Театртаа 1993 он хүртэл 24 жил ажиллаад тэтгэвэрт гарсан юм. Дуучдыг 25 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг байсныг өөрчилж, 20 болгосон тул тэр үед нэлээд хэдүүл ажлаа өгч байлаа. Хөгжим бүжгийн дунд сургууль дуулаач, удирдаачийн нэгдэл гэж байгуулахад багшаар очоод, өнөөг хүртэл ажиллаж байна. Ц.Ерөө бид хоёр хамт очиж байлаа.
-Үеийнхээ дуучдаас хэнтэй нь илүү дотно байсан бэ?
-Театрын дуучин бүсгүйчүүд хоорондоо их дотно байсан. Уртнасан, Найдалмаа багш, Пүрэвсүрэн эгч, Цэдэвсүрэн, Загдсүрэн, Баадайжав, Ерөө, Банзаржав, Ж.Цэцгээ гээд нэлээд хэдүүл цуг ажилладаг байв. Хэнтэй нь ч үерхэж нөхөрлөнө. Хоол, ундаа хувааж иднэ. Ерөө, Банзай бид хэдийг үзэгчид ялгахгүй, андуурдаг байлаа. Манай аав, ээж хоёр намайг танихгүй будилж ч байв. “Учиртай гурав”-ын Хоролмаад би, Нансалмаад Банзай дуулж байлаа л даа. Нансалмаа тайзан дээр гараад ирэхэд аав, ээж хоёр “Басган гараад ирлээ. Гоё байна даа” гээд ярилцаж суутал удалгүй араас нь дахиад охин нь гараад ирсэн гэдэг. Энэ тухай ярьж бөөн инээд болж байсан нь саяхан юм шиг. Залуу бүсгүйчүүд будчихаар ялгагдахаа байчихдаг л даа.
-Намтраас тань харахад тухайн үеийн монгол дууриудын гол дүрийг танд өгдөг байж гэхээр юм. Монголжуу төрхтэй болохоор тэр юм болов уу?
-Найруулагч шийддэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн багш найруулагчаар олон жил ажилласан. Дараа нь Л.Эрдэнэбулган ирсэн. Ц.Пүрэвдорж маань “Шивээ Хиагт” дуурийг найруулж байлаа. Юу гэж боддог байсан юм, гол дүрд нэлээд тоглуулсан. Залуухан байсан болохоор тэр байх. Гэхдээ гол дүрүүдийг авч явах үүрэг тодорхой уран бүтээлчид л ногддог үе гэж байдаг. Тэр нь таарсан ч байж болох юм.
-Одоо ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилладаг, сопрано Ш.Наранчимэг таны шавь. Мөн ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын гоцлол дуучин Т.Энхбат бас таны гарын бүтээгдэхүүн. Өөр хэн хэн байна вэ?
-Шавь олон. Нэлээд нь дарга болж. “Номин талст” хамтлагийн гэдгээр олонд танил Т.Батсүх, Улсын филармонийн дарга С.Баттулга гэхчлэн нэрлэж болно. Миний анхны шавь бол “Эволюшн” хамтлагийн дуучин П.Өнөржаргал юм. Театрын тулах сайн багануудын нэг гоцлол дуучин, аргил хоолойт О.Хүрэлбаатар, тус театрын залуу дуучин, сопрано Б.Одонзаяа нар маань яаж ажиллаж байгааг харах сайхан. 1993 оноос хойш багшлахдаа төгсгөсөн оюутнуудаа нэрлэвэл олон болно. ӨМӨЗО-оос ирж суралцан төгсөөд, одоо эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус байдаг. Сэржмядаг Хөх хотын урлагийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад дуурийн дуучны мэргэжлээр хичээл заадаг багш болсон. Урагшлалт маань БНХАУ-ын хоёрдугаар дэсийн урлагийн ажилтан болсон. Хөх хотын Дуу бүжгийн хүрээлэнд гоцлол дуучнаар ажилладаг. 2017 онд олон улсын ардын дууны уралдаанд Өвөр Монголоо төлөөлөн оролцож алтан медаль гардсан. 2018 онд “Тал нутгийн баатар эгч дүү хоёр” дуулалт жүжгийн Уханы дүрд тоглож улсын хэмжээний шилдэг дүрийн шагнал авсан. Мөн “Жангар” дуурьт Магсарын дүр бүтээв. Дорноо гэж Алаша нутгийн охин аймгийнхаа Авга хошууны “Улаан бүч” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байна.
-Өнөө үеийнхэн одоогоос 20, 30 жилийн өмнөх уран бүтээлчдийг, ялангуяа сонгодог урлагийнхныг төдийлөн сайн таньдаггүй. Гэтэл тэд урлагийн бурхад байдаг. Таныг дуурьт дуулж байхыг сонссон шүтэн бишрэгчдээс бусад нь М.Булган багшийн “Хан шувуу” дуугаар мэдэх юм шиг санагдаж байна. Та юу гэж бодож байна вэ?
-Магадгүй ээ. Бид дуурьтаа л дуулдаг байлаа. Зохиолын дуу гэж ярих, энэ чиглэлд ажиллах цаг хугацаа байгаагүй. Дууриас дуурийн хооронд шогшиж явдаг байлаа шүү дээ.
-Та театрт ажиллаж байхдаа дуулсан дуу, ари, хоршлоос дээжилж багтаасан, “Дуурийн урлагийн дуун жигүүртэн” хэмээх уран бүтээлийн цомог гаргасан юм билээ. Үүнээс өөр бий юү?
-Байхгүй ээ. 2015 онд гаргасан нэг л цомогтой. Бас нэгийг гаргах санаа байсан юм. Одоо ч тэр тухай бодохоо больсон доо. Өвгөндөө зориулж дуу бүтээлгэсэн. Гоё гоё буриад дуунууд ч байдаг. Тэдгээрийг оролцуулбал нэг цомог болчихно л доо.
-Цомогт буй бүтээлүүд анхаарал гойд татаж байна. Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаагийн ари, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын “Шивээ Хиагт” дуурийн Гэрэлийн ари, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн “Жаргал” дуурийн Жаргалын ари, “Үнэн” дуурийн Балдан, Ядмаа нарын хоршлыг Соёлын тэргүүний ажилтан Д.Баясгалангийн хамт, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Чулуунбат, Норовлхам нарын хоршлыг Гавьяат жүжигчин Д.Бандийн хамт гээд л хэнтэй дуулсан, тэр янзаар нь багтааж.
-Тийм ээ. Тухайн үеийн дуурийн, Монголын радиогийн алтан фондын бүтээлүүдээс оруулсан юм. С.Гончигсумлаа багшийн хөгжим, Төрийн шагналт Ч.Чимэдийн шүлэг “Дэнжийн ногоо”-гоос авхуулаад нэлээд хэдэн дуу бий. Хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булганы бүтээлүүдээс хэд хэдийг дуулсан. Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны шүлэг “Би Алтайн хүү” гээд л эхэлнэ. Т.Должин гэж Өвөрхангай аймгийн Нарийн тээлийн уугуул найрагчийн шүлэг “Таацын цэнхэр гол” гэж байдаг. Л.Мөнхтөрийн үг “Дэлгэр баян нутаг” гэдэг дууг төрсөн нутаг, Баяндэлгэр сумдаа зориулсан юм.
-Дэлхийн сонгодог дууриудаас алинд нь дүр бүтээж ирэв?
-Дуурийн театр ямар бүтээл тавина тэр бүгдэд дуулдаг байсан. Ж.Вердийн “Отелло” дуурийн Дездемона, “Травиата”-ын Аннина, В.А.Моцартын “Дон Жуан”-ы Донна Эльвира, “Увдист лимбэ”-ийн Папагена, II хатан, Ж.Пуччинийн “Турандот”-ын Лиу, “Чио Чио сан”-ы Кет, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Иоланта”-гийн Иоланта, А.П.Бородины “Игорь ван” дуурийн Половчанка, Өрлөг эх гээд байна.
-Дуурь, сонгодог тоглолт сонсолгүй хоёр жил шахам болж буй энэ үед сайхан бүтээлүүдийн нэрийг дуулахад л гоё байна. Та бүхэн эдгээрийн дүрийг амилуулж бидэнтэй уулзуулдаг шидтэн мэт.
-Ажил, мэргэжил юм даа.
-Энэ олон жилийн хөдөлмөр, бүтээлийн талаар ганц, хоёр цагт багтааж ярих боломжгүй юм. Таны сурган хүмүүжүүлэх ажилд амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөхийн өмнө гэр бүлийнхнийх нь тухай асууя. Та эцэг, эхээс хэдүүл вэ?
-Дөрвүүл байсан. Биднийг багад нэг маань өөд болсон юм. Миний эгчийг Ч.Бадамханд гэдэг. Дүүгийн нэр Б.Түмэнбаяр. Эгч дүүс бие биедээ хүүхдээ өргүүлсэн болохоор овог ондоо. Эгч минь цанын спортын мастер, улсын арван удаагийн аварга тамирчин. Австрид очиж олимпын эрх авах тэмцээнд уралдаж байсан түүхтэй. Хожим ЗХУ-ын Ленинград хотод Биеийн тамирын дээд сургууль төгссөн багш, дасгалжуулагч даа. ОХУ-ын Буриад улс Гавьяат дасгалжуулагч цолоо олгосон. Одоо нас 80 хүрч буй ч булчинлаг, шөрмөслөг хүн байдаг. Дүү минь геологийн ухааны дэд эрдэмтэн.