“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дарга Д.Батбаатартай ярилцлаа. Тэрбээр төмөр замын салбарт 33 жил ажиллаж буй бөгөөд Гавьяат тээвэрчин цол, тэмдгээр шагнуулаад удаагүй. Дээлээр гангарч, хурдны морь уях дуртай тэрбээр гурван охинтой өрхийн тэргүүн юм.
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-т хэзээ ажилд орж байв. Таныг ажиллаж эхлэх үед манай улсын төмөр замын салбарын өнгө төрх ямар байсан бол?
-Би ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг замын инженер мэргэжлээр 1988 онд төгссөн. Тэр жилдээ л одоогийн “Улаанбаатар төмөр зам”-ын “Социалист хөдөлмөрийн анхны үйлдвэр замын IV анги”-д замчнаар ажилд орсон. Тухайн үед их, дээд сургууль төгсөгч бүр ажлын талбарт гарахдаа хамгийн бага албан тушаалд томилогддог байлаа. Ахмад, эсвэл тэргүүний ажилчдын батлан даалтад “орж”, нэг жил болоод намын орлогч гишүүн болох эрх нь үүсдэг жишгээр л ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
Улсын хэмжээнд гол төмөр замын нийт урт одоогоор 1115 орчим км байгаа. Салбарласан замынхаа хэмжээг нэмбэл 1800 гаруй км-т хүрдэг. 30 гаруй жилийн өмнө ийм л урттай байв. Гэхдээ төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлтийн хэмжээ одоогийнхоос харьцангуй бага, модон дэртэй, хадаасан бэхэлгээтэй буюу замын нөхцөл тааруу байсан үе. Харин өдгөө замын чанарыг улам сайжруулж модон дэрний 80 гаруй хувийг бетоноор сольсон. Мөн 2003-2005 онд өртөө зөрлөгүүдийн уртасгал хийсэн юм. Энэ нь ачаа эргэлтийн хэмжээг өсгөн, хүчин чадлаа сайжруулсан гэсэн үг.
-Зам засварын машинт станц улсын хэмжээнд төмөр замын бүх засвар, үйлчилгээг хийдэг үү?
-Манайх 360 орчим хүний бүрэлдэхүүнтэй төмөр замын засвар, үйлчилгээг дагнан хийдэг алба. Бид нийт замынхаа нөхцөл байдлыг мэддэг, хаана, хэзээ юу хийхийг төлөвлөн, гүйцэтгэдэг. Би ерөнхий инженер байхдаа төмөр зам дагуу бүх нутгаар явж ажилладаг байлаа. Одоо албан тушаал өөрчлөгдөн, заавал өөрөө очих шаардлагагүй болсон ч замын эвдрэл, гэмтэл болон сайжруулах, засварлах ажлууд надтай холбоотой. Дулааны улиралд өндөр ачаалалтай ажилладаг учраас 2003 оноос хойш ээлжийн амралтаа зун аваагүй юм байна. Төмөр замын мэргэжилтнүүд, инженерүүд маань ерөнхийдөө бүгд ОХУ-д сургууль төгссөн, Оросод ямар технологи ашиглан, замаа хэрхэн арчилж, тордож, засварлаж байна тэр дагуу ажилладаг.
-Гавьяат тээвэрчин гэх хүндтэй цол хүртжээ. Ийм шагнал авах болсон тухайгаа хэнээс сонсов, хэрхэн хүлээн авсан бэ?
-Зургадугаар сарын 25-нд энд, ингээд ажиллаж байтал (ярилцлага авахаар өнгөрсөн сарын 28-нд уулзахад Замын цагдаагийн газрын урд талд 1.7 км урттай төмөр замын засварын ажлыг удирдаж байв) Зам, тээврийн хөгжлийн яамныхнаас миний утас руу гавьяатын тэмдэг, үнэмлэхийн зургийг аваад илгээсэн юм байна. Ажил ихтэй болохоор харах зав байгаагүй. Ганц, хоёр цагийн дараа Зам, тээврийн сайд над руу залгаад “Баяр хүргэе ээ, та шагнуулснаа мэдэв үү” гэлээ. Тэгээд тогтож суугаад шалгаж, мэдээд хэсэгтээ сандарсан гэх үү, гайхах, баярлах зэрэгцээд явчихсан. Хамгийн түрүүнд том эгч рүүгээ утасдаж дуулгасан юм. Компаниас шагналд тодорхойлсон талаар сонсож байсан ч гавьяат болно чинээ зүүдэлсэнгүй. Төмөр замын салбарт замчнаас эхлүүлэн олон жил ажилласныг минь үнэлсэн болов уу. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр манай компани ажиллаж буй. Бид өөрсдийн үүрэгт ажлаа хийхийн зэрэгцээ 280 орчим км замын угсралт, засварыг одоогоор хийгээд байна. Ийм хэмжээтэй зам барихад 4-5 жил зарцуулах ч монголчууд нэг жилийн хугацаанд хийсэн нь үнэхээр бахархууштай.
-Төмөр замын ажил цаг, минутаар хэмжигддэг хариуцлагатай салбар. Ялангуяа замын бүрэн бүтэн байдал тун чухал шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Галт тэрэгний явах, ирэх, зөрөх нь минут, секундээр хэмжигддэг. Мөн замын бүрэн бүтэн байдал тун чухал. Төмөр замын хаа нэгтээ өчүүхэн төдий гэмтэл гарсан байхад л томоохон осол, аюул гарах магадлал өснө. Ер нь бид хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалттай ажилладаг гэхэд болно. Коронавирусийн тархалт ихэссэнээс болж Зам засварын машинт станцын оффисын цөөн ажилтнаас бусад нь тусгаарлагдан ажиллаж буй. Тусгаарлалтын байрнаас автобусаар ажлын талбар луугаа ирж, очин өглөө 06.00 цагт ажлаа эхүүлдэг. Хэн нэг нь өвдчихвөл засварын төлөвлөөт хугацаа удаашрах болохоор хариуцлагатай байх шаардлагатай.
-Ажлаа хийж явахад тохиолдсон хөгжилтэй, эсвэл мартагдашгүй дурсамж олон бий байх даа?
-2004 онд Японы Улсын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын байгууламжуудыг сэргээн засварлах ажил эхлүүлсэн юм. Тэр үед би машинт станцынхаа ерөнхий инженер байв. 2004 оны зун засварын бригадуудаа эргэхээр замд гарлаа. Япончууд ч санхүүжүүлж буй ажлынхаа явцыг шалгахаар болж, Баруунхараа өнгөрүүлээд Үнэгт зөрлөгт 14.00 цагт уулзахаар тохирсон. Надад Үнэгт рүү очих цаг бага, бас “УАЗ-469” загварын автомашин л олдсон юм. Жолооч маань замаа дөтлөхгүй бол амжихгүй гээд Гүнтээр давахаар болоод хөдөлсөн. Явсаар даваан дээрээ гараад, уруудангуут машины тоормос эвдэрчихсэн. Уулын уруу хар эрчээрээ, сэгсчүүлээд, бөөн шороо босгоод бид хоёр буулаа даа. Жолооч тоормосоо гишгэсээр арайхийн Гүнтийн давааны бэлд хүрч билээ. Хоёулаа сандраад хэсэг хугацаанд юу ч дуугарч чадаагүй. Муу тэрэгтэй ч замаа товчилж, “тоормосгүй” давхисаар япончуудтай яг цагтаа уулзсан нь санаанаас гардаггүй.
-Ажлын талбарт, ер нь амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хүнд хатуурхаад, даргархаад байдаггүй. Ажилчдад хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлж, нөхцөл бололцоог нь хангаж өгөх хэрэгтэй. Эрүүл, аюулгүй орчинд, шаардлагатай бүх заавар зөвлөмж өгч, мэргэжлийн арга зүйгээр хангаж, улам дадлагажуулсаар сайн ажилчинтай болно гэж боддог. Түүнээс биш дэндүү өндөр шаардлага тавиад, хүмүүсээс их зүйл шаардаад байх нь зохисгүй. Би өөрийгөө төв шулуун зантай гэж боддог. Хүн бүртэй адил тэгш хэрнээ ажил, амьдралын ялгаа заагийг тогтоон харилцахыг хичээдэг.
-Монголд хангалттай цалин авч чадахгүйгээс гадаад явахыг хүсдэг залуус олон бий. Ажил хийх хүн олдохоо больсон талаар ч ярих хүн цөөнгүй байна. Төмөр замын салбарт ажиллах мэргэжилтэн хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Хүн хаана, ямар ажил хийх нь сонголтынх нь хэрэг. Гадаад явж, илүү цалин хөлс авахыг эрмэлзэх нь буруу биш. Манайд ажиллаж байгаад Өмнөговьд өрнөж буй бүтээн байгуулалтад оролцохоор явсан залуус ч цөөнгүй. 300 000 орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн. Гэхдээ өндөр цалин амласан байгууллага, орчин руу шилжихээс илүүтэйгээр тогтвор суурьшилтай байж, тухайн ажилдаа мэргэшин, урт хугацаанд өсөн дэвжих талаар залуус бодох хэрэгтэй байх. Төмөр замд ажиллах чадвартай, дадлага туршлагатай ажилтан болоход мэргэжлийн сургуулийг нь төгссөнөөс хойш 4-5 жил хэрэгтэй байдаг. Аль ч салбарт мэргэшсэн ажилчин, урт хугацаанд тогтвортой ажиллах хүн олдохгүй болжээ. Төмөр замд ч мөн адил ажиллах хүч ховордсон гэхэд болно.
-Төмөр замд ажилладаг байсан хүний хүүхдүүд мэргэжлийг нь өвлөсөн байх нь олонтоо. Таны хувьд яагаад ийм мэргэжил сонгов, аль нутгийн хүн билээ?
-Би Булган аймагт төрж, өсөн, 1982 онд дунд сургуулиа төгссөн. Тэр үед одоогийн Орхон аймгаас Хөвсгөлийн чиглэлд төмөр зам тавихаар төлөвлөж байсан юм билээ. Намайг сургууль төгсдөг жил хүүхдүүдийг төмөр замын чиглэлээр суралцуулахаар сонгон шалгаруулсан юм. ОХУ-д сурах гурван хуваарь манай аймагт ирсний нэгийг би авсан. Уралдаант шалгалтдаа амжилттай оролцон, нийт төгсөгчдөөсөө дээгүүрт жагссан хэрэг.
-Та эхээс хэдүүлээ вэ. Аав, ээж тань ямар ажил хийдэг байв. Багад тань тохиолдсон, санаанд үлдсэн дурсамжаасаа ярьж өгөөч?
-Есөн хүүхэдтэй айлын тав дахь буюу яг дундах нь би. Аав маань сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан. Сүүлд Булган аймгийн Цэргийн хэлтэст даргаар ажиллаад гавьяаныхаа амралтад суусан, ээж оёдолчин байлаа. Аав, ээж хоёр 08.00-17.00 цагт ажилдаа явчихна, бямба гарагт хагас ажиллана. Олон хүүхэдтэй айлуудын том нь багыгаа харж хандан, хооллож, цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан тухайн үеийнхний нийтлэг жишгээр л өсөж торнисон. Нэг удаа би хоёр эрэгтэй дүүгээ харах үүрэг хүлээлээ. Яагаад тэгснийг бүү мэд, нөгөө хоёрыгоо гэрт үлдээчихээд найзындаа оччихоод иртэл тэд байдаггүй. Өвлийн эхэн сар гарчихсан цас ороод, нэлээд хүйтэрч байсан үе. Хоёр дүүгийн цасан дээрх мөр нь хашааны хаалгаар гараад, аймгийн төвийн урд руу явжээ. Мөрийг нь дагаад л, тааралдсан хүнээс асуугаад гүйгээд байв. Дүү нар маань бүр алга болчихсон байх вий гэж бодоод айсан гэж. Тэгж яваад ээжийн ажлын наахнаас, пальтогоо товчлолгүй хөдөрчихсөн, даарчихсан дүү нараа олоод жигтэйхэн баярлаж билээ. Хэрэв ээжийн ажил руу тэд оччихсон бол бас л “аюул болно” шүү дээ, дүүгээ сайн хараагүй гээд банга хүртэх энүүхэнд.
-Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Хэдий наадмыг хойшлуулсан ч асуулгүй өнгөрч болохгүй нь. Бөх, морь, сурын харваа үзэх дуртай юу. Зарим хүн эрийн гурван наадам бол монголчуудын үндэсний дархлаа гэж чухалчилж байхад зарим нь хоцрогдож хуучирсан зугаа, цэнгээн гэх боллоо?
-Морь мал төдийлөн сонирхдоггүй байлаа, би. Гэтэл 2014 онд их хүнд өвдсөн юм. Тэгээд жил орчмын дараа ажилдаа эргэж орсон. Тэр үеэс л эрийн гурван наадам бол монгол эр хүний цог золбоо, хийморь, лундааг сэргээсэн, сэтгэл баясгасан баяр, уламжлалт ёслол, үндэсний спорт гэдгийг илүүтэй ойлгосон. Бид адууны соёлтой ард түмэн. Морины уяа сойлгыг тааруулах, уралдуулах зэрэг нь тэр чигтээ соёл, уламжлал бөгөөд олон зуун жилийн өмнөөс бүрэлдсэн тогтсон нарийн технологи. Морь уралдуулах, бөх барилдах, сур харвах зэргийг учиргүй үгүйсгэх, үл тоох нь буруу.
Би аймаг, сумын наадмаас айраг, түрүү хүртэж байсан “уяач”. Гэхдээ өөрөө морио гардан уядаггүй, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Улсын алдарт уяач Бямбасүрэн манай морьдыг сойдог. Сайхан хөөрөг барьж, ур хийц сайтай дээл өмсөх дуртай. Булганы дунд сургуульд есдүгээр ангид байхдаа л хөвөнтэй дээл өмсөн, дурдан бүс бүсэлсэн хэвлүүхэн эр явлаа. Тэгэхэд ангийн багш маань “Цэргийн хэлтсийн дарга аав чинь драпан пальто аваад өгчихөж чадахгүй байна уу” гэж асууж байсан. Өөрөөр хэлбэл, үндэсний хувцас, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт баяр ёслолдоо тун хүндэтгэлтэй ханддаг хүн. Энэ жил хоёр насны морь уралдуулахаар сойж байлаа.
-Наадамтай холбоотой дурсамжаасаа хуваалцаач. Сумын наадам хамгийн гоё гэж хүмүүс ярьдаг, та үзэж байв уу?
-Аав маань Булган аймгийнх. 1970 оны дунд үед шиг санагдана, би наадмын үеэр Хантайд байдаг авга эгчийнд очсон юм. Авга эгчийнх тэргээ хөллөдөг хашин морьтой. Тэрийг уяанаас нь хөтөлж холдуулж байгаад наадамд явсан юм. Сумын жижиг цэнгэлдэх хүрээлэнгийн үүд хавиар эргэлдэж яваад (Хантайд Санжаа нэртэй хүн олон байсан) “Ачмаг Санжаа ах аа сайн байна уу, сайхан наадаж явна уу” гээд сүрхий чанга мэндэлсэн шиг байгаа юм. Гэтэл ачмаг гэдэг нь тэр хүний хоч байж, хүмүүс инээлдэж шоолоод, Санжаа гуай “Өө муу хог” гээд сүрхий харж билээ.
Аймгийн наадам ч сонирхолтой болдог байлаа. Хүүхдүүд чихэр, боов авч идэх хэд гурван төгрөг аав, ээжээсээ аваад, наадмын талбайг тойроод явж өгнө. Булганд сайн барилддаг дэгээ Батчулуун, Нансал гэж бөхчүүд байсан. Тэднийхээ барилдааныг хүүхэд, хөгшидгүй шимтэн үзнэ, харин би уралдааны морь унаж үзээгүй.
-Таныг ажилд ороход зааж чиглүүлж өгсөн багш гэж бий юү. Хамт олон, багш нартаа хандан юу хэлэх бол?
-Дээр дурдсанчлан залуу, шинэ ажилчдыг ахмадууд нь халамжлан хүмүүжүүлнэ гэдэг ойлголт байсан. Ажилдаа тун хариуцлагатай ханддаг, шулуун шударга зантай, залууст үлгэр дуурайл болсон мастер Ёндон, Дашмаа, Чойжилжав нарын ахмадуудтай ажиллаж байв. Мөн Баатаржав мастерынхаа удирдлагад цөөнгүй жил ажилласан. Түүнийг хүндэлж, хайрлаж, үлгэр дуурайл авдаг. Хүмүүстэй яаж харилцах, ажилчдаа хэрхэн удирдах талаар Баатаржав мастер зөвлөж, зааж сургасан. Мэдээж “Улаанбаатар төмөр зам” хэмээх их айлын тогооноос хооллож, өдий зэрэгтэй яваа хүн. Ийнхүү ажиллаж, амьдарч, хүндтэй шагнал хүртсэнд хамт олны минь тус дэм их ээ. Бүгдэд нь баярлалаа л гэж хэлье дээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам