Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын эмэгтэйчүүдийн харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнл” компанийн харваач Б.Баярчимэг 40 сумнаас 34 онож тэргүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртсэн бол буриад сурын төрөлд мөн түрүүлэн удам дамжсан харваач гэдгээ харуулсан юм. Тэр жилийн наадмын өмнөхөн болсон үндэсний сурын УАШТ-д тэмцээнд 21 аймгийн 540 харваач цэц сорьсноос тэрбээр хүрэл медаль зүүж байв. Түүнтэй ярилцлаа.
-“Алдар”-ын харваачид энэ жил хаана бэлтгэлээ базааж байна вэ?
-Манай спорт хорооны 20 гаруй харваач Тэрэлж дэх амралтын баазад бэлтгэлээ хийж байна. Манай хороонд улсын цолтой таван мэргэн бий. Миний хувьд үндэсний сур харваагаар 20 дахь жилдээ хичээллэж байна. Дорнод аймгаас төрсөн улсын мэргэн цолтнуудаас хамгийн залуу нь би. Намайг үндэсний сур харваанд хөтөлсөн хүн бол өвөө, аав хоёр минь. Харин ээж миний дасгалжуулагч. Аав минь буриад сурын мэргэн цолтой. Халх, буриад, байт харваагаар цэц сорьдог. Найман настай байхдаа тэднийхээ сумыг зөөж гүйсээр харваатай нөхөрлөсөн. Монголын үндэсний сур харваачид намайг Баярчимэг гэхээсээ илүү Борко гэж дууддаг юм. Одоо энэ нэрэндээ дасчихжээ.
-Хүүхэд байхдаа үндэсний сур харвааны тэмцээнд эгчтэйгээ тэргүүн байрын төлөө өрсөлддөг байсан гэв үү?
-Тийм ээ, хүүхдийн сурын харваанд эгчтэйгээ тэргүүн байрын төлөө харвадаг байлаа. Аав, ээж минь биднийг дэмждэг тул тэмцээн ирж үздэг байв. Бид гурван жил оноо тэнцэж, товх харвасан. Эгчийгээ ялах гэж их хичээдэг сэн. Хичээсний дүнд эгчийгээ хоёр удаа хожсон. Гэтэл нэг өдөр “Миний дүү үндэсний сур харва. Эгч нь өөр зүйл сонирхлоо” гэж хэлээд дахиж харваагүй. Эгч одоо хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Хэдийгээр харваач болоогүй ч үндэсний сур харвааны үнэнч дэмжигч. Жил бүрийн наадмаар сурын талбайд хүүхдүүдтэйгээ ирж тэмцээн үздэг юм. Өөрөө хичээллэдэг байсан болохоор надад ингэж, тэгж харва гэж зөвлөнө. Үндэсний сур харваанд аав, ахтайгаа харвадаг харваач олон ч гурван үеэрээ харваж байгаа нь цөөн байх аа.
-Байт харваагаар нэг хэсэг хичээллэсэн байх аа?
-Аав залуудаа байт сурын улсын шигшээ багийн тамирчин байлаа. Эрүүл мэндийн шалтгаанаар энэ спортоос холдож, үндэсний сур харваагаар хичээллэсэн. Оюутан байхдаа аавыгаа дагаж байт харваагаар нэг хэсэг хичээллэсэн. Яваандаа үндэсний сур харвааг сонирхож, сэтгэл татагдах болсон. Үндэсний сур харваа өв соёлын олон зүйлийг өөртөө хадгалж үлдсэн байдаг. Уламжлалт ёс заншлаасаа суралцахаас гадна олонд таниулж, сурталчлах сайхан. Түмэн олныг баясан цэнгүүлдэг эрийн гурван наадмын нэг, үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжиж ирсэн. Нумтай нөхөрлөсөн хүн болгон мэргэн болдоггүй. Сурын харваа тухайн хүнээс бие, сэтгэл зүйн хатуужил, тэсвэр, авьяас, ур чадвар, мэдрэмж их шаарддаг. Энэ спортод ахмадуудаасаа суралцаж, үгийг нь сонсож, өөрийн харвах арга барил, техниктээ хэрэгжүүлдэг ёс бий. Намайг олонд алдаршуулсан болохоор үндэсний сур харваанд дуртай. Сурын алтан шар зурхайгаас улсын мэргэн цол хүртэж, түмний хайр, хүндлэлийг хүртсэнээ бэлгэшээж явдаг. Би зав гарвал сурын талбайдаа сэтгэл татагддаг юм.
-Та 2018 оны улсын баяраар цэц сориогүй. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан. Наадмын өдрүүдэд хүний нутагт сэтгэл догдолж суув уу?
-Намайг тэнд байхад улсын наадам болж таарсан. Судан, Монголоос олон цагийн зөрүүтэй болохоор аав руугаа залгаад “Наадам хэр сайхан болж байна. Манай харваачид сурын талбайд хэрхэн цэц сорив. Энэ жилийн наадмын үндэсний сур харваанд хэн түрүүлэхээр харагдана вэ” гээд сэтгэл догдлон асууж суусан. Тэр жилийн үндэсний баяр наадмын сур харваанд “Алдар” спорт хорооны тамирчин, улсын мэргэн Д.Норжмаа эгч даян, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубийн харваач Б.Дашзэвэг ах улсын мэргэн цол хүртсэн. Наадамчид олон жил дэмжсэн харваачаа цол ахиулахад, бас шинэ мэргэн төрөхөд их баярлаж, сэтгэл өндөр хүлээж авсныг сонсоод өөрөө түрүүлсэн мэт баярласан. Хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг наадмаа үзэж чадахгүй, хүний нутагт байх хэцүү юм билээ. Тэр үед наадамчин олон, харваачдаа их үгүйлсэн. Бие минь Суданд ч сэтгэл минь Монголд хэдийн оччихсон байлаа.
-Монголын энхийг сахиулагчид Суданд бэсрэг наадам зохион байгуулсан тухай сонсож байлаа.
-Манайхан наадмын өдрүүдэд тэнд бэсрэг наадам зохион байгуулж, бөх барилдан, сур харваж, гадаадынханд үндэсний спортоо сурталчилсан. Би Судан руу явахдаа дээл, малгай, гутлаа аваад явсан юм. Биднийг очиход гадаадынхан Чингисийн Монгол гэж сэтгэл өндөр угтаж авсан. Монголчуудын сур харвахыг тэд харчихаад “Монголын үндэсний сур харваа ямар сонирхолтой юм бэ, харваж үзье” гээд харвасан. Нум татаж үзээд “Хөөх ямар хатуу юм, та нар яаж татаж, тэнийлгэдэг юм бэ. Энэ нумыг бариад зургаа авхуулж болох уу” гэцгээж байв. Би тэнд наадам зохион байгуулалцсан юм. Монголчууд баяр наадмаа хэрхэн тэмдэглэдгийг харуулахдаа өөрөө ч сэтгэл огшсон. Суданд болсон наадмаа цахим хуудастаа нийтэлж байв. Түүнээс хойш манай батальоны алба хаагч нэг эмэгтэй миний шавь болж, үндэсний сур харваагаар хичээллэх болсон.
-Улсын мэргэн цол хүртсэн баяр наадмын өдрүүдээр тань эргээд нэг аялъя. Уншигчдад маань ч тэр үеийн дурсамж тань сонирхолтой санагдах байх.
-2017 оны наадмаар шилдэг найман эрэгтэй, эмэгтэй харваач шалгарсан. Эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Пунсалдулам бид хоёр 31, бусад нь 30 оноотой байлаа. Наадмын сүүлчийн өдөр салхитай байсан ч харваачдын оноо тэнцүү, ойролцоо тул хэн нь ч түрүүлж мэдэхээр. Би гэрээсээ гарахдаа Төрийн дууллаа сонсож, далбаагаа хараад ажлаа эхлүүлдэг уламжлалтай. Яг тэр өдөр сурын талбайн асарт намирч байгаа Төрийн далбаагаа хараад л харвасан.
Сүүлчийн сумаа тавьж байхад наадамчин олон нам гүм болсон. Тэд намайг нэг сум алдахад уулга алдаж байсан нь одоо ч сонсогдох шиг болдог. Сурын талбайд үзэгчид хэний хүү, охины сум цэцэн байж, улсын цол хүртэх бол гээд ярьж байгаа нь хүртэл сонсогдож байв. Өмнөх жилийнх нь наадмаар Б.Пунсалдулам улсын мэргэн болсон тул хүмүүс цолоо ахиулах болов уу гэж харж суусан нь лавтай. Бидний оноо тэнцсэн тул хэн түрүүлэх нь наадамчдад сонирхолтой байсан. Би эхний сумаа онож, дараагийнхыг нь давуулчихаад их сандарсан. Миний харвахыг үзэж суусан ээж минь олны уулга алдахыг сонсоод “Миний охин одоо яах бол оо” гэж түгшиж, баярлах нь зэрэгцсэн гэдэг. Намайг улсын мэргэн цол хүртдэг жил аав, ээж минь нутгаасаа ирж, улсын наадам үзсэн юм. Би тэр жил буриад, халх сурын харваанд түрүүлсэн. Үндэсний сурын эмэгтэй харваачдаас хоёр төрөлд түрүүлсэн анхны харваач. Буриад сурын харваанд 64 сумаас 61 онож тэргүүлсэн юм.
-Аав тань тэр наадмаар эрэгтэйчүүдийн хоёрдугаар зурхай дээр самбарын шүүгчээр ажилласныг санаж байна.
-Аавтайгаа тухтай уулзах зав гараагүй тул сурын зурхайд нүдээрээ ярилцаж байлаа. Надаас аав “Миний охин яаж байна” гэхээр нь би толгой дохиод л өнгөрнө. Аавынхаа инээхийг харахаар түрүүлчих юм шиг санагдаж, өөртөө итгэх итгэл төрж байв. Аавыгаа ар талд минь зогсоод хэрхэн харвахыг зааж зөвлөх болов уу гэж бодож байтал самбарын шүүгчээр ажилласан. Самбарын шүүгч хариуцлагатай ажил, тэр бүр босож явахгүй, нарийн хянаж хардаг. Харваачдыг амжилт гаргахад тэр өдрийн хичээл зүтгэл, хийморь, аз ивээдэг гэж боддог. Надад Дорнод нутгийн минь уул, ус наадмын өдрүүдэд дагаж ирээд үзэж байгаа мэт санагдаж билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол, тэмдгээ гардаж авсныхаа дараа сурын алтан шар зурхайд аавыгаа дагуулж ирээд, цай, сүүний дээжээ өргөж, мөргөсөн. Миний хувьд тэр үеийн сэтгэл догдлолоо үгээр зүйрлэмгүй байсан даа.
-Б.Пунсалдулам мэргэнтэй оноо тэнцсэн үед сэтгэл зүйгээ хэр тайван байлгаж, харвасан бэ?
-Тэр жил зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнийг зохион байгуулахад оролцсон юм. Цэргийн байгууллагын алба хаагчдын бие, сэтгэл зүйн хатуужил тэсвэрийг тус тэмцээнээр шалгадаг. Тэмцээнд оролцохоосоо өмнө “Тавантолгой”-д бэлтгэл хийсэн. Тиймээс наадмын үндэсний сур харваанд ч гэсэн бие, сэтгэл зүйн давуу талаа харуулж, амжилт гаргасан. Үндэсний сурын харваанд амжилт гаргах амаргүй. Эвэр нум цаг агаарын байдлаас хамаарч хатуурч хувирдаг. Харваачид нум, сумаа өөрийнх болтол эзэмшихээс гадна салхины чигийг сайтар тооцоолж, авьяас, ухаан, ур чадвараа шавхдаг. Наадмаар улсын мэргэн цол хүртчихээд өөртөө итгээгүй. Бүр мэдээ ч үгүй явсан. Тэр үед харваачдын оноо ойролцоо, эн тэнцүү харвасан болохоор хэн түрүүлсэн нь мэдэгдэхгүй байлаа. Тэгээд даян мэргэн Д.Норжмаа эгчээс “Би нээрээ улсын мэргэн цол хүртчихсэн юм уу” гээд хэдэн удаа асууснаа одоо ч санадаггүй юм.
-Улсын мэргэн цол хүртээд очиход нутгийнхан тань сэтгэл өндөр угтсан байлгүй.
-Намайг очиход хүмүүс “Нутгаас минь төрсөн отгон мэргэн ирлээ” гэж баяр хөөр болж угтсан. Ажлын шаардлагаас болоод хэдэн жилдээ бараагаа хараагүй ах дүүс, ахмад буурлуудтайгаа золгосон. Би тэр үед “Улсын наадамд түрүүлнэ гэдэг ийм сайхан хүндлэлийг ард түмнээсээ хүртдэг байх нь” гэж бодож суулаа. Түүнээс хойш багийнхаа харваачдад “Та нар сур харваанд сэтгэлээсээ дурлаж, бэлтгэл хийвэл хэзээ нэгэн цагт амжилт гаргана. Улсын мэргэн цол сайхан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ цолд хурдан хүрээрэй” гэж хэлдэг.
-Анх мэргэн болж байсан тэр үеэ бодвол одоо ч цолдоо дассан биз дээ?
-Сурын талбайд бэлтгэл хийхдээ харваачдаа эгч ээ, ах аа гээд хүндэлдэг ч цолны эрэмбээр тэднийхээ дээр гарч зогсох эхэндээ эвгүй санагддаг байлаа. Өмнөх шигээ ах, эгч нарынхаа ард зогсоход “Хүүе, мэргэн дээшээ” гэхээр өөрийн эрхгүй сандардаг байв. Монгол Улсын мэргэн цолдоо нэг хэсэг дасахгүй явсан. Мэргэн гэж дуудахаар анзаарахгүй хэрнээ Борко гэхэд эргэж хардаг байлаа.
-Та наадмаар цэнхэр өнгөтэй дээл голдуу өмсдөг. Энэ жилийн гоёлоо зэхсэн үү?
-Би дээлээ үйлэнд уран, нутгийн Балжмаа эгчээр урлуулдаг юм. Миний дээлийн ихэнх нь цэнхэр өнгөтэй. Улсын мэргэн цол хүртэхдээ ч цэнхэр өнгөтэй дээл өмсөж, харвасан. Энэ жил номин цэнхэр өнгийн дээл өмсөхөөр зэхсэн. Харваачдын хувьд нум, сум бол хамгийн эрхэм зүйл. Би өвөө, аавынхаа удам дамжиж харвасан нумаар харваж, улсын мэргэн цол хүртсэн. Өмнөд Судан руу явахдаа аавдаа нумаа үлдээгээд явсан юм. Тэгсэн “Охиныхоо нуманд салхи оруулъя. Эзэн нь одоогоор байхгүй ч ирэх жил харвана” гээд сум тавьсан гэдэг. Би тэр нумаар найман жил харвалаа. Намайг буриад, халх сур харваанд түрүүлснээс хойш манай харваачид буриад сураар харвах болсон. Өмнө нь халх харваагаар хичээллэдэг харваачид техник эвдэрчихнэ гээд харвадаггүй байсан юм. Энэ жил спортын мастер Б.Энхсайханы урласан шинэ нумаар цэц сорино. Тэрбээр 2019-2020 онд шилдэг нум урлаачаар шалгарсан. Сурын талбай жилээс жилд шинэ харваачдаар хүрээгээ тэлж байна. Суданаас ирэхэд залуус хүч түрэн орж ирснийг хараад өөрөө ч шинэ харваачдын нэг болчихсон мэт сэтгэгдэл төрж билээ. Манай багт найман шинэ харваач бий. Багшийн эрдэм шавиас гэдэг. Багаараа нэг зорилго, тэмүүлэлтэй байх сайхан. Нэгнээ хүндэлж, өөрийн мэддэг, чаддаг зүйлээс харамгүй заадаг уламжлал одоо ч үндэсний сур харваачдад бий.