Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух С-ийнд өнгөрсөн мягмар гаригийн үдэш хэсэг залуус дайран орж бурхан тахилыг нь дээрэмдэн зугтжээ. Нэхмэлийн 10 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг уг ламынд өчигдөр биднийг очиход хохирогч гэрээсээ өөр газар түр амьдрах гэж буй бололтой зарим эд зүйлээ аваад явж байхтай нь таарсан юм.
Хохирогч С “Мягмар гаригийн үдэш 21.00 цаг өнгөрч байхад манай хаалгыг хүн тогшсон. Орц харанхуй тул шагайвраар хараад ямар хүмүүс байгааг мэдэж чадалгүй хаалгаа нээж өгсөн юм. Гэтэл яах ийхийн зуургүй нэг нь миний нүд рүү цохисон. Тэгээд хоёр нь мөрөн дээрээс доош нь тонгойлгож дараад, хоёр нь гэрт дайрч ороод бурхны гүнгэрвааг хага цохин бурхадыг маань аваад явсан. Ах нь үүнээс илүү зүйл ярьж чадахгүй нь. Хууль хяналтын байгууллагынхан олж өгөх байлгүй дээ.
-Хэчнээн төгрөгийн үнэтэй бурхад байсан юм бэ. Танд уламжлагдаж ирсэн тахил уу?
-Ах нь шүтэж дээдэлж л мэдэхээс биш үнэлж мэдэхгүй ээ. Манай нэг шавь надад өгсөн юм. Түүний эцэг эх өвөг дээдсээс уламжилж ирсэн юм гэнэ билээ” гэв.
Хэргийн явцын талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Т.Баатараас тодруулахад “ЭЦГ, УМБГ, манай хэлтсээс ажлын хэсэг гарч энэ хэргийг шалгаж байна. Хохирогч бурхадаа үнэлж мэдэхгүй байгаа. Нэг нь алтан шармал 30 см-ийн өндөртэй Богд Зонхов, нөгөө нь гуулин 20 см өндөртэй Бурхан багшийг нь дээрэмдсэн байгаа. Алдагдсан шүтээн болон энэ хэргийг үйлдсэн байж болох хүмүүсийг эрэн сурвалжилж байна. Ажлыг хэсэг шалгалтын дүнд нэг бурханыг нь олсон байгаа” гэв.
Айлын гэрт дайран орж бурхан шүтээнийг нь дээрэмддэг хэрэг орон нутагт хэд хэдэн удаа гарч байсан. Заримынх нь эзэн холбогдогчийг нь тогтоож шүүхээр ял шийтгэсэн нь бий.
Гэртээ ганц нэгээрээ байгаа хүүхдүүдийг залиан мэхэлж эд зүйл хулгайлах, дээрэмдэх хэрэг нийслэлд гардаг байсан бол сүүлийн үед хөгшдийг ганцаараа байгааг далимдуулан дээрэмдэх явдал гарах боллоо. Тиймээс танихгүй хүнд хаалгаа болгоомжтой тайлж байхыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд санууллаа.
Г.РАВЖАА