Цагдаагийн академийн сонсогч нарыг хуурамч автобусны билет оюутнуудад борлуулсан хэргээр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгаж байна. Цагдаагийн академийн сонсогч нар хуурамчаар наалт үйлдэж, үүнийгээ телевизийн чат нэвтрүүлэгт зар өгч борлуулдаг байсан гэнэ. Нийслэлд байдаг бүх их дээд сургуулийн 4000 орчим оюутан хохирогч болоод байгаа аж. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хохирсон оюутнуудыг дуудаж, мэдүүлэг авч байна. Оюутнууд хуурамч билет авснаа эхэндээ мэдээгүй, автобусанд зорчиж яваад кондукторт баригдсанаар эл хэрэг анх сөхөгдсөн гэнэ. Хэрэгт холбогдсон сонсогч нар оюутнуудаас ойролцоогоор 20 гаруй сая төгрөг “сааж” хувьдаа завшсан тухай мэдээлэл ч цагдаагийнханд ирсэн юм.