Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони 17 настай бүжигчинтэй дотно харилцаа үүсгээгүй гэж мэдэгдэв. “Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Милан хотын Прокурорын газраас түүнийг дуудаж, насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан хэргээр эрүү үүсгэсэн аж.
Цэнгээний газарт шөнийн цагаар бүжиглэдэг Руби (Карима эль-Маруг) хэмээх охин Аркоре дахь Ерөнхий сайдын харшид болдог үдэшлэгүүдэд байнга очдог байсан тухай “Corriere della Sera” сонинд мэдээлж байсан юм. Биеэ үнэлэгчидтэй зугаацдаг гэх мэдээллээс Сильвио Берлусконигийн нэр хүнд их унасан бөгөөд түүнийг огцруулах саналыг ч сөрөг хүчнийхэн тавьж байсан юм.
“Миний нэр хүндэд халдах оролдлогодоо гэмгүй хүмүүсийг оролцуулж байгаа нь харамсалтай. Би эхнэрээсээ салсан, ганц бие эр хүн учраас уулздаг бүсгүйчүүд бий. Гэхдээ тэд биеэ үнэлэгчид, тэр тусмаа бага насныхан биш” гэж тэрбээр мэдэгдэв.