Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускониг албан тушаалд нь үлдээх, эсвэл огцруулахыг Парламентын гишүүдээс санал хурааж шийдсэн билээ. Тус улсын Парламентын дээд, доод танхимын 314 гишүүн түүнийг үлдээх хүсэлтэй байсан бол 311 нь огцруулах санал тавьсан байна. Ердөө гурван саналын зөрөөтэйгээр албан тушаалдаа үлдэж чадсан Сильвио Берлускониг эсэргүүцсэн хүмүүс Ромд цуглаан зохион байгуулжээ.
Сөрөг хүчнийхэн болон энгийн иргэд түүнийг санал хураалтыг будлиантуулсан хэмээн үзэж байгаа юм. Ширүүн маргаантай эхэлсэн санал хураалтын дүнг эсэргүүцсэн Парламентын зарим гишүүн Ерөнхий сайдыг үг хэлж байхад хурлын танхимыг орхин гарчээ. Энэ үед Ромын төв гудамжаар бухимдсан олон эсэргүүцлээ илэрхийлэн “Хүүхэмсэг сайд огцор”, “Сильвио ард түмнээ луйвардахаа зогсоо” хэмээн хашгирч байжээ.
Цуглааныг тараах гэсэн цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцэж, үймээн үүссэний улмаас 100 гаруй хүн бэртсэн байна. Жагсаалыг зохион байгуулсан гэх 41 хүнийг хууль сахиулагчид баривчилжээ. Ромын захирагч Жанни Алеманногийн мэдэгдсэнээр тус цуглаанд 100 мянган хүн оролцсон гэнэ. Түүнчлэн Бари, Генущ, Неаполь хотод ч ийм цуглаан болжээ.