“Аюулгүй байдлын алба Оросыг сөнөөх нь” номоороо шуугиан тарьж, тэр үеийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй тэрсэлдэн Лондонд учир битүүлгээр нас барсан Александр Литвиненкогийн үхлийн шалтгааныг мөрдөх хүсэлтийг түүний гэргий Марина Литвиненко Страсбургийн шүүхэд гаргажээ.
Түүний цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр биеэс нь радио идэвхт полоний-210 бодис илрүүлсэн нь өвчний улмаас бус хэн нэгний гарт амь үрэгдсэн гэх таамаглалыг дэвшүүлсэн. Марина Литвиненкогийн хүсэлтийг хүлээн авсан Страсбургийн шүүх ирэх онд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй зарим хүнийг байцаах саналыг ОХУ-ын талд тавиад байгаа юм.
Хүний эрхийг хамгаалах Европын шүүх Оросын тусгай албаны ажилтан асан Думын гишүүн Андрей Луговойг байцаах хүсэлтэй байна. Түүнчлэн Александр Литвиненкогийн үхлийн шалтгааныг Оросын талаас хэрхэн мөрдөж байгааг ч тодруулах нь зүй хэмээн ажиглагчид үзэж буй.
Тус улсын эрх баригчид болон холбогдох албаныхан энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Мөн “Wikileaks” цахим хуудсанд нийтлэгдсэн баримтуудад Александр Литвиненког хөнөөхөөр зэхэж байгааг Оросын тал мэдэж байсан тухай дурдсан байжээ.
Х.ОДОНЧИМЭГ