Сербийн нэг муж байсан Косово тусгаар тогтнолоо зарлаад хоёр жил болж байгаа ч Энэтхэг, БНХАУ, ОХУ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хугацаанд Косовод улс төрийн, эрх мэдлийн тэмцэл хурцдаж, Ерөнхийлөгчөө огцруулахад хүрэв. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар эл тэмцэл, зөрчилд цэг тавьж чадах Парламентын шинэ бүрэлдэхүүнийг сонгоно хэмээн ард түмэн найдаж байна.
Тусгаар тогтносноос хойш анх удаа косовочууд хэн нэгнээр заалгаж, захиргаадуулалгүй өөрсдөө төрийн түшээдээ сонгох энэ сонгуулийг улс төр судлаачид түүхэн хэмээн онцолж байгаа юм. Сонгуулийн өмнө янз бүрийн яриа гарч, санал хураалт шударга болно гэдэгт хүмүүс эргэлзэж байсан ч олон улсын ажиглагчид болон Сонгуулийн төв хороо будлиангүй, ардчилсан, нээлттэй болсон гэдэгт санал нэгдэж байна.
“Exit-polls”-оос гаргасан урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхий сайд Хашима Тачигийн тэргүүлдэг Ардчилсан нам 32 хувийн санал авч бусдыгаа хошуучилж байна. “Косовогийн ардчилсан лиг” нам 25 хувийн санал авч удаалж байгаа гэнэ. Гэхдээ урьдчилсан тоо санал тоолох явцад өөрчлөгдөж магадгүй. Косовог өөрийн нэг муж хэмээн үздэг Серби сонгуулийг хүчингүйд тооцохыг иргэдэд уриалж байгаа аж.
Х.ОДНОО