Уржигдар Шведийн Стокгольм хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн билээ. Мөн энэ үед Хатан хааны гудамжинд машин дэлбэрч, хоёр хүн бэртсэн хэрэг гарчээ. Хоорондоо хэдхэн минутын зайтай болсон энэ хоёр дэлбэрэлтийг тус улсын Гадаад хэргийн сайд алан хядах ажиллагаа хэмээн мэдэгдэв.
Энэ хэрэг гарахаас хэдэн цагийн өмнө Стокгольм хотын нэгэн сонины редакцид дэлбэрэлтийн талаар анхааруулсан зурвас ирсэн аж. “Бидний үр хүүхэд хэрхэн дайны хөлд үрэгдэж байгаа шиг та нарынх ч бас үхэх ёстой. Лалын шашны эсрэг дайнаа зогсоохгүй бол бид халдлагаа зогсоохгүй” гэж зурваст өгүүлжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь Афганистанд алба хааж буй Шведийн цэргүүдийн талаар өгч буй анхааруулга гэнэ. Энэ талаар харин эрх баригчид ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.