Эдийн засаг, хөгжлөөрөө Азидаа, цаашлаад дэлхийд тэргүүлэх санаатай Хятадын засгийн газар Африкт өөрийн нөлөөгөө хэрхэн ихэсгэж, олон салбарт хамтран ажиллахаар зэхэж байгааг АНУ нүд салгалгүй ажиглаж байдаг тухай “Wikileaks” цахим хуудсанд тавигдсан нууц баримтууд гэрчилж байна.
Америкийн гадаад бод логын нууц болох 251 мянган баримтыг гартаа оруулсан уг цахим хуудас одоогийн байдлаар 1100-г нь интернэтэд тавьж, нийтийн хүртээл болгожээ. BBC телевизийн тоймч, улс төр судлаач Жонатан Маркусын үзэж буйгаар Африкийн газар нутагт нөлөөгөө ихэсгэх гэсэн Вашингтон, Бээжин хоёрын өрсөлдөөн даамжирч байгааг дээрх баримтууд нотолж байгаа гэнэ.
Түүнчлэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төр барих дэглэмээс татгалздаг, тиймдээ ч дураараа авирладаг гэх шүүмжлэлд байнга өртдөг Зимбабвегийн Ерөнхийл өгч Роберт Мугабе болон Суданы Төрийн тэргүүн Омар Баширтай Хятадын удирдлага хамтарч ажиллан, найзархдаг нь Америкийн дургүйг хүргэдэг гэдгийг ч тэрбээр онцолж байна. Харин Зэвсэглэлийн, геополитикийн, эдийн засгийн, соёлын нөлөөгөө алдахгүй байх эрмэлзэлтэй Америк бусад улс орон хүчирхэгжихийг таашаадагг үй нь эндээс харагдаж байна хэмээн тоймчид үзэж буй юм.
“Wikileaks” хакеруудын дайралтад өртсөний дараа Их Британийн “Guardian” сонинд нийтлэгдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Африкийг хариуцсан туслах Жонни Карсоны Нигерт газрын тосны үйлдвэрийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа Вашингтон руу илгээсэн захидалд энэ тухай бичсэн байжээ. Жонни Карсон “Хятад түрэмгий, ёс зүйн хэм хэмжээнд үл нийцэх зан гаргаж байна. Байгалийн баялаг ихтэй ч хөгжил дорой орнуудад ноёрхлоо тогтоохын тулд юунаас ч буцахгүй нь” гэж энэхүү захидалд өгүүлжээ.
Мөн цэргийн салбарт ч тэд хамтран ажиллаж магадгүй байгаа тухай тэрбээр онцолж байв. Их Британид баривчлагдсан Жулиан Ассанж Хятад-Африкийн харилцааг тагнаж буй хүмүүс нэг биш хэмээн мэдэгдэж байсан. Хятад улс Америктай илт сөргөлдөхгүй байгаа ч эдийн засгийн хөгжилдөө тулгуурлан Африкт нөлөөгөө ихэсгэвэл дэлхийн улс төрийн тавцан дахь ээдрээг нэгээр нэмнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.