Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч, сэтгүүлч Жулиан Ассанжийг хууль бусаар мэдээлэл цуглуулж, нууц баримтыг нийтэд дэлгэсэн хэмээн Интерполоор эрэн сурвалжилж байсан. Шведийн Засгийн газар түүнд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр эрүү үүсгээд байгаа. АНУ-ын дипломатчдын нууц захидал, цахилгааныг цахим хуудсандаа тавьж, олон улсын тавцанд шуугиан тарьсан түүнийг улс орнууд элдвээр шахан хавчиж эхлэв.
Интерполын зөвшөөр лийн дагуу Их Британийн цагдаагийн ажилтнууд Жулиан Ассанжийг баривчлахаар зэхэж байсан ч тэрбээр хууль сахиулагчидтай уулзан, тэдний асуултад хариулахаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн билээ. Өнгөрөгч мягмар гаригийн өглөө тэрбээр Лондон дахь Вестминстерийн шүүхэд хүрч ирсэн даруйдаа баривчлагдав. Одоогийн байдлаар түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх үндэслэлээр саатуулаад байгаа бөгөөд удахгүй Шведийн шүүхэд шилжүүлж магадгүй байна.
Жулиан Ассанж энэ тухай мэдэгдэхдээ “Зарим нэг орны (хамгийн түрүүнд АНУ) хөшигний цаадах руу өнгийсний төлөө намайг ийнхүү гүтгэж байна. Бид аль нэг улсыг дэмжих, эсвэл тодорхой нэг хүний нэр хүндэд халдахыг хүсээгүй. Дэлхийд болж буй үйл явдлын цаана хэн голлон тоглож, хэн хохирч, хэн хожиж байгааг л хүмүүст хүргэхийг хүссэн” гэжээ. Зарим нэг эх сурвалжид мэдээлснээр Лондоны прокурорын газар түүнийг долоо хоног саатуулах эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг баримтаар нотолсон тохиолдолд л шүүхэд шилжүүлэх ёстой гэнэ.
Их Британийн BBC агентлагийн мэдээлснээр одоогоор таван хүн түүнийг батлан даалтад авч, суллуулах хүсэлт тавиад байгаа гэнэ. Түүний өмгөөлөгч Марк Стивенс “Жулиан Ассанжийг буруутгаж байгаа нь цаанаа улс төрийн шалтгаантай. Энэ нь хэнд ч нууц биш. Үнэхээр тэр хүчингийн хэрэг эсвэл өөр ямар нэг хууль бус үйлдэл хийсэн бол үүнийг баримтаар нотлох ёстой” гэж мэдэгджээ.
Харин Шведийн Засгийн газар хэн нэгний шахалт, дарамтаар түүнийг хяхан хавчаагүй гэдгээ онцолж байна. Жулиан Ассанжийг баривчилсныг улс орнууд янз янзаар тайлбарлав. Италийн эрх баригчид “Бодлогогүй алхам хийж, олон улсын дипломат харилцаанд цав суулгасан этгээдийг баривчлах нь зүй” хэмээсэн бол Их Британи “Түүнийг баривчилсан нь хууль сахиулагчдын үүрэг.
Ямар нэгэн далд шалтгаан байхгүй” гэж үзжээ. АНУ-ын Батлан хамгаалах сайд Роберт Гейтс энэ явдлыг “сайн мэдээ” гэж хүлээн авав. “Wikileaks” цахим хуудасны төлөөлөгчид харин Их Британи болон АНУ энэ үйлдлээрээ хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байна гэж үзэж байгаа аж. Мөн “Wikileaks” цахим хуудсанд тал бүрээс нь санхүүгийн дарамт үзүүлж эхлэв. Байгууллага, хүмүүсийн хандивын мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг цахим хуудасны интернэт дэхь хандивын сурталчилгааг хориглон, “Visa” төлбөрийн систем “хууль зөрчигсөд”-өд зориулсан гүйлгээг хаажээ.
Швейцарийн “PostFinance” банк Жулиан Ассанжийн нэрийн дансны гүйлгээг зогсоосноо албан ёсоор мэдэгдлээ. Албан бус эх сурвалжид дурдсанаар уг дансанд тэрбээр өмгөөлөгчдөө төлөх мөнгө болох 31 мянган еврог дөнгөж шилжүүлээд байсан гэнэ.
Х.ОДНОО