Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 оны арванхоёрдугаар сарын 6-нд Грекийн нэгэн цагдаагийн ажилтан 15 настай хүүг буудаж хороосон. Уржигдар Афинд баг өмссөн залуус үймээн дэгдээж, цагдаагийн ажилтнууд руу дайрч, мөргөлдөөн үүсгэжээ.
Тус хотын хэд хэдэн дүүрэгт хүмүүс хууль сахиулагчид руу чулуу, мод шидэж эхэлжээ. Мөн Парламентын байрны урд талын талбайд хэдэн зуун хүн цуглаж, хүний аминд хүрсэн цагдаагийн ажилтныг буруутган, эсэргүүцэл илэрхийлсэн байна. Үймээн дэгдээгчид ойролцоох дэлгүүрийн цонхыг хагалан, утасны бүхээгнүүдийг эвдэлжээ.
Уг явдлын улмаас Афины төв хэсэгт замын хөдөлгөөн зогссон байна. Тус улсын Онцгой байдлын алба нэмэлт хүч гарган ажиллаж, 83 хүнийг баривчилсан аж. Дашрамд дурдахад, хүүгийн амийг хөнөөсөн цагдаад бүх насаар нь хорих ял оноосон юм.