“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Их Британийн цагдаагийн ажилтнуудтай уулзахад бэлэн байгааг түүний өмгөөлөгч Марк Стивенс мэдэгдсэнийг АР уламжиллаа. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ж.Ассанж цагдаа нарын асуултад хариулж, ярилцах хүсэлтэй байгаа гэнэ.
Дэлхийн чухал байгууламжийн жагсаалтыг нийтэд танилцуулсных нь дараа тус цахим хуудсыг улс орнуудын эрх баригчид шүүмжилж, Щвейцарийн банкин дахь Ж.Ассанжийн дансны гүйлгээг зогсоосон билээ. Түүнчлэн “Wikileaks” хакеруудын дайралтад өртөж, зарим орны хэрэглэгчид нэвтэрч чадахгүйд хүрээд байгаа. Тал бүрээс нь хяхан хавчиж байгаа энэ үед хууль сахиулагчдаас нуугдах бус, харин тэдэнтэй нүүр тулж уулзах нь илүү үр дүнтэй гэж Ж.Ассанж үзэж буй бололтой.