Улстөрчийнхөө хувьд ч, хувь хүнийхээ хувьд А.Лукашенког амаргүй ааштай, хурц зантай гэлцдэг. Энэ сарын 19-нд товлогдсон ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн тэрбээр хэвлэлээр ярилцлага өгөх нь цөөрч, аливааг хурцаар шүүмжлэх нь ховордов. Улс төр судлаачдын үзэж буйгаар А.Лукашенко ийнхүү томоожсон нь арга барилаа өөрчилснийх гэнэ.
ОХУ-ын НТВ сувгаар гарч, Европын телевизүүдээр цацагдсан “Крёст ный Батька” баримтат киноноос болж Кремльтэй түнжин хагарахдаа тулсан ноён Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй найрсаг харилцаж эхэлсэн нь олныг гайхашруулсан. Түүний нууцалж явдаг түүхийг олонд дэлгэснийхээ дараа “золгүй тохиолдлоор” амиа алдсан сэтгүүлчдийн тухай зөвхөн беларусьчуудад ч биш, Европт дуулгаж орхисноос болж нэр хүнд нь эрс буурсан хэмээн ажиглагчид үзэж байна.
16 жил төр удирдсан тэрбээр энэ сонгуульд ялалт байгуулахын тулд томоожсон, ардчилсан, шударга удирдагч болж харагдах гэж зүтгэж байна хэмээн судлаачид үзэж буй. Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намуудаас 10 нэр дэвшигч оролцох бөгөөд Европын болон олон улсын байгууллагууд санал хураалтын явцыг хянахаа мэдэгдлээ.