Баруун Европын орнуудад олон жилийн дунджаас их цас орж, зам харилцаа, тээвэр, үйлчилгээний салбарт хүндрэл учраад байхад тус тивийн зүүн өмнөд хэсэгт буюу Балканы хойгт үерийн гамшиг нүүрлэлээ. Серби, Албани, Черногорт үргэлжилсэн ширүүн борооны улмаас сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй үер болов. Сербид Дрина гол эргээсээ хальснаас хэдэн арван суурин усанд автаж, 1400 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн Босни Герцеговин, Черногорт байдал хүнд байна. Тэндхийн тосгон, сууринаар зогсохгүй томоохон хотуудын гудамж талбайд үерийн ус тогтож, машинаар явахад ч хүндрэлтэй байгаа ажээ. Газар тариалан голчлон эрхэлдэг Хорват, Албанид хэдэн зуун мянган га талбай сүйдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд цэрэг, цагдаагаас эхлэн гал сөнөөгчид хүртэл дайчлагдсан байна.
Үерийн гамшигтай тэмцэхэд тусламж үзүүлэх хүсэлтийг Балканы хойгийн орнууд НАТО, Европын холбоонд гаргажээ. Албанийн Дотоод хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд Шкодер, Лежа, Дуррес, Эльбасан хотод усны түвшин дээшилж 80 см хүрснээс хэдэн мянган хүн орон гэр гүй болсон тухай дурдсан байна. ALN агентлагийн мэдээлснээр 2500 гаруй байшин барилга усанд автжээ.
Түүнчлэн 14 мянган га талбай сүйдэж, цахилгаан тасарсан байна. Одоогийн байдлаар Итали, Турк улс гамшигт нэрвэгдсэн ир гэдэд хоол хүнс, эм, дулаан хувцас илгээсэн гэнэ. Черногорт Боян, Лим, Тара, Морач гол эргээсээ хальж, нутгийн төв болон баруун хойд хэсгийн бараг 70 хувь нь усанд автжээ. Тус улсын Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар ус соруулах төхөөрөмж болон завь, том оврын машин, аврах хантааз шаардлагатай байгаа гэнэ. Мянга орчим цэргийн алба хаагч, мөн сайн дурынхан аврах ажиллагаанд оролцож байгаа аж.
Мөн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж чухал байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Босни Герцеговиний зүүн хойд хэсэг дэх Сава гол үерлэж мянга гаруй орон сууц усанд автлаа. Тус улсын Засаг захиргаа гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, үертэй тэмцэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа тухай FTV телевизийн суваг мэдээлж байна.
Мөн Босни Герцеговинтэй хиллэдэг Хорватын Меткович суурингийн оршин суугчид үерт нэрвэгдсэн бөгөөд тэдэнд 140 мянган еврогийн тусламж үзүүлэхээр болсон тухай тус улсын Засгийн газраас мэдэгдэв. Бороо үргэлжлэн орвол Уна гол үерлэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.
Х.ОДОНЧИМЭГ