Төв Африкийн Кот-д’Ивуар улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Лоран Гбагбогийн тангараг өргөх ёслол боллоо. Өнгөрөгч долоо хоногт болсон сонгуульд уг нь сөрөг хүчний намаас нэр дэвшигч Алассан Уаттара 54.1 хувийн санал авч урдьчилсан дүнгээр ялалт байгуулсан ч Сонгуулийн төв хороо тус улсын хойд мужуудад болсон санал хураалтыг хүчингүйд тооцжээ.
Ингэснээр эрх баригч намаас нэр дэвшсэн Лоран Гбагбо 51.45 хувийн санал авч, Алласан Уаттарагийн авсан санал 48.55 хувь болсон аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Алласан Уаттараг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Засгийн газар Лоран Гбагбог дэмжсэн.
Сонгууль будлиантай болсон хэмээн хүмүүс жагсаал хийсэн нь намжих янзгүй байгаа бөгөөд зэвсэгт мөргөлдөөнд ч хүргэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Тус улсын нийслэлд гарсан үймээний улмаас одоогийн байдлаар хоёр хүн амиа алджээ. Засгийн газар түр хугацаагаар хилээ хааж, тус улсад байгаа гадаадын телевиз, радиогийн ажилчдын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргав.
Хэдий Сонгуулийн төв хороо санал хураалтын явцад элдэв будлиан гараагүй хэмээн мэдэгдсэн ч олон улсын ажиглагчид болон иргэд үүнийг эсэргүүцэж байна.