Мянга хөдөлмөрлөөд ч зохион байгуулалт нь буруу бол бүх ажил нурдаг гэдэг дээ. Үүний жишээг Улсын онцгой комисс яруу тодоор үзүүлээд байх шиг. Тэд мянга мянган алба хаагчдыг ажилла хэмээн үүрэгдчихээд өөрсдөө цэнхэр дэлгэцээр айл болгоны хойморт “заларч” тасралтгүй ажиллаж, чөмгөө дундартал зүтгэж буй ухааны юм ярьж буй. Харамсалтай нь, эгэл жирийн төрийн албан хаагчдаа өдөр, шөнөгүй ажиллуулчихаад үр дүнг нь төдийлөн гаргаж чадсангүй Улсын онцгой комиссынхон. Хаа холын Архангайд цар тахлын голомт үүсгэлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаасан. Хотоос орж, гарах бол Улсын онцгой комиссын шийдвэрээр л орж гарах учиртай. Гэтэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч болох бариачтай ойр байсан нэгэн залуу хүнс тээвэрлэх нэрээр Архангай руу гараад давхичихаж. Улсын онцгой комиссын шийдвэрээр бол коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр хавьтагч хөл хорионд байх ёстой. Гарч, орох нь битгий хэл хүнтэй, хүмүүстэй уулзаж, учрах нь хориотой, онц дэглэм мөрдөх учиртай байлаа. Гэтэл тэр бариач тэгсэнгүй. Түүнд хяналт тавих ёстой албаныхан хааччихав аа. Адагт сүүлд нь өнөө муу Архангайн иргэнээ шалгана, хорино ухааны юм яриад сууж байгаа нь үнэндээ ичмээр хэрэг. Улсын онцгой комисс “Вирус арай ч тарчихгүй байх” гэсэн хандлагаар ажиллаж ирсний илрэл болов уу. Ер нь өнгөрсөн 10 сарын турш Улсын Онцгой комисс юу хийсэн юм бэ. Коронавирустэй нүүр тулах нь зайлшгүй хэмээн анхааруулж байсан эрдэмтэд, судлаачдынхаа үгийг үл ойшоосны гор нь өнөөдөр гарч байна. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр өнгөрсөн оны хавар халдвар тархах эрсдэл өндөр байгааг Улсын онцгой комиссынхонд анхааруулсан л юм билээ. Тэрбээр өөрөө санаачлаад эрдэмтдийг урьж авчраад, төрийн байгууллагынхны төлөөллийг оролцуулаад зөвлөгөөн хүртэл хийсэн. Харин тэд үүнийг хэрэгсээгүй бөгөөд юунаас анхааруулаад байгааг ойлгосонгүй, тодорхой ажил хийсэнгүй. Өнгөрсөн 10 сарын турш хий дэмий хуралдаж, хэтрүүлж хэлсэн хүнд худлаа ярьсаар өнгөрүүлжээ. Өдгөө олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн хандив тусламж хаашаа орсон, хэрхэн зарцуулснаа Улсын онцгой комисс тайлбарлаж чадахгүй шахам паанигтаж сууна. Жил шахам хяналт, шалгалт хийлээ, хүн амын хөдөлгөөнийг хорилоо цагдлаа гээд байсан ч эцэстээ Улсын онцгой комисс халдварыг дотооддоо алдчихлаа. Сүүлдээ бүр халдвар нийслэлээс халиад орон нутаг руу тархаж, одоо бүр цааш дамжрах шинжиндээ орчих шиг боллоо. Харин Улсын онцгой комисс өмнөх шигээ хуралдсан хэвээр. Ардуур нь түмэн үйл явдал өрнөж, урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээ өгөх гэсэн, хөдөө, гадаа явах гэсэн хүмүүс шинжилгээ өгөхөөр гудамжинд даарч хөрч дугаарлаж зогсоно. Наад захын дугаарлаж буй хүмүүсээ зөв зохион байгуулаад жагсаачих чадвар Улсын онцгой комиссынхонд байхгүй бололтой. Улсын онцгой комиссын 119 дугаар луу залгаад тусыг олоогүй хүн арав хориор тогтохгүй байна. Улсын онцгой комисст багтдаг төрийн байгууллагууд ямар ч уялдаагүй, нарийн зохион байгуулалтгүй ажиллаж байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаас харж болохоор. Хэд хоногийн өмнө Дархан, Сэлэнгэ аймагт хөл хорьж байсан самарчдаа цуваа болгоод хот руу илгээв. Эдгээр хүмүүсийг хот оруулахгүй хэмээн 22-ын товчооны гадна бөөн хэрэг маргаан үүсэв. Гудамжинд байгаа хүмүүс уурлаж, бухимдаж, адгаж, хамаг тэнхээгээ бартал бухимдав. Мөн Шадар сайд сайд Я.Содбаатар орон нутгаас ирсэн иргэдийг буцаана гэж олон сэтгүүлчдийн өмнө хэлсэн. Яг үнэндээ тэднийг буцаая гэтэл зохион байгуулалтын ажил бас таг. Өнөө л янзаараа иргэдийг бухимдуулсан, тэвдүүлсэн янзаараа. Иргэд бөөн бөөнөөрөө цуглачихсан, шинжилгээ өгөх түр цэгийн гадна шавцгааж байна. Юун халдвар хамгааллын дэглэм сахиж, 1.5 метрын зай барих манатай. Үүний хажуугаар энэ улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, бизнес эрхлэгчид шороо үмхэхээс наагуур байдалд оров. Энэ өдрүүдэд харин өнөө шүүмжлэлд өртөөд байсан хотын дарга ачааны хүндийг үүрч байх шиг. Арван сар юу ч бэлтгээгүй, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулаагүй сайд, дарга нар шинээр томилсон хотын даргаа өмнөө бамбай болгон өмнөө бариад зогсож байна. Өнөө Д.Сумъяабазар нь бодь хүн тулдаа алдаатай боловч шийдвэр гаргаад, шүүмжилсэн нэгний үгийг сонсоод газар дээр нь очиж танилцаад, тушаал шийдвэрээ дор нь өөрчлөөд явж байна. Усан оргилуур байгуулах нэрийдлээр улсын төсвийг үргүй зарцуулснаас өөр гавьяагүй шахам өмнөх даргаа бодвол тэр коронавирустэй нүүр тулж, олны нүдэн дээр ил ажиллаж, алдаа оноогоо хамтад нь үүрээд зүтгэж явна. Адаглаад тэр зүгээр ярьж зогссонгүй уулын мухарт суугаа эмээ, өвөөд түлшийг нь ойртуулах ажлыг “Тавантолгой түлш” компанийнхантай хамтран зохион байгуулав. Хотын дарга үүрэг өгсний дагуу уулын орой, жалганы ирмэг дээр унаа машин хүрэх боломжгүй өндөрлөгт “Тавантолгой түлш” компанийнхан сайжруулсан түлш түгээгээд эхэлжээ. Үүнээс гадна тэр хотын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүйн бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, дэмжихээ илэрхийлж, жиргэжээ. Үүнийгээ ажил хэрэг болгох үүднээс нийслэлийн ЗДТГ-ын дэргэд байгуулсан түр зөвлөлийг хуралдуулж, эрсдэлд ороод байгаа зарим салбарын үйл ажиллагааг эхлүүлэх саналыг Улсын онцгой комисст гаргасан байсан. Улсын онцгой комисс хотын даргын гаргасан саналыг хүлээх авах уу, хатуу хөл хориогоо энэ мэтээр үргэлжлүүлэх үү гэдгийг харахад хэдхэн хором л үлдлээ.