Дэлхий дахинд тархац багатай, үнэ цэнтэйд тооцогдон, газрын ховор хэмээн нэрлэгддэг химийн 17 бүлэг элементийн агууламжтай түүхий эдийн хэрэглээ жил бүр өссөөр байна. Цөмийн реакторууд, дэвшилтэт технологи шингээсэн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд, дулаан, цахилгааны төгс дамжуулагч эдгээр ховор элементийн нөөц дэлхийн хэмжээгээр 130 орчим сая тонн бийг АНУ-ын Геологийн судалгааны албанаас гаргажээ. Үүний 50 орчим хувь ӨМӨЗО-ы нутагт байгаа бол ОХУ, АНУ, Бразил, Вьетнам, Монгол зэрэг 30 гаруй оронд илэрц бий аж. Уг элементийн гол хэрэглэгч нь дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АНУ, Япон, Франц, Герман, БНСУ зэрэг орон. Харин түүхий эдийнх нь 90 гаруй хувийг БНХАУ нийлүүлдэг. Тэд 2014 оноос бүтээгдэхүүнийхээ олборлолтыг танаж, экспортын татварыг өсгөснөөр сүүлийн 3-4 жилд уг элементийн ханш дэлхийн зах зээлд 40-50 хувиар өсжээ. Технологийн дэвшил шингээсэн бүтээгдэхүүний эрэлт цаашид ч буурахгүй, үйлдвэрлэл тогтмол өсөх учраас газрын ховор элементийн хэрэглээ ч нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс Австрали, Канад зэрэг орон шинэ нөөц хайн, хайгуулаа эрчимжүүлж буй бол Япон далай гүнд орд илрүүлснээ мэдээллээ. Улмаар БНСУ, АНУ нь цахилгаан автомашин, салхин сэнс үйлдвэрлэхэд зарцуулдаг ховор элементийн хэмжээгээ багасгаж буйгаа дурджээ.
Тэгвэл газрын ховор элементийн илэрцтэй 30 орчим орны нэгт тооцогддог манай улс хайгуул, олборлолтын талаар ямар бодлого баримталж буй бол. 1990 оноос өмнө тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд газрын ховор элементийн судалгааг манайд хийж байжээ. Үүний үр дүнд Ховд, Увс, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт 80 бүсэд их, бага илэрцүүдийг тогтоожээ. Дээр дурдсан АНУ-ын Геологийн судалгааны албанаас 2019 онд гаргасан тайланд манай улсыг газрын ховор элементийн ислийн олон сая тоннын нөөцтэйг дурдан, улмаар Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Өмнөговийн Мушгиа худаг, Хотгор зэрэгт нийт гурван сая гаруй тонн бий гэсэн урьдчилсан дүн гаргажээ. Энэ нь дэлхийд дээгүүрт бичигдэх хэмжээ аж. Харин өдгөө дээр дурдсан ордууд болон бусад нутагт газрын ховор элемент олборлож буй аж ахуйн нэгжүүд байхгүйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Тус газрын уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай “Урьдчилсан дүгнэлтээр манай улс газрын ховор элементийн багагүй нөөцтэйд тооцогддог. Гэхдээ яг аль нутагт, хэдий хэр хэмжээтэй, ямар элемент байгаа талаарх нарийвчилсан үнэлгээ байхгүй. Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдтэйд 1990-ээд оноос өмнө, улсын төсвийн хөрөнгөөр анхан шатны судалгаа хийсэн. Уг ордуудад хайгуул хийх лицензийг хувийн хэвшлийн 5-6 аж ахуйн нэгж өдгөө эзэмшиж буй. Цаашид газрын ховор элементийн олборлолтыг төрийн өмчит аж ахуйн нэгж эрхлэх, улсын төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулах бодлого баримталж буй хэмээн ойлгосон. Тиймээс ч “Эрдэнэс Монгол” компанид газрын ховор элементийн төслийн нэгж байгуулсан болов уу” гэв.
“Эрдэнэс Монгол” компанийнхан ямар ажил хийж, хэрэгжүүлж буй талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэв. Тэд газрын ховор элементийн нөөцийн судалгааг зөв гаргах, хайгуулын далайцыг өсгөн, улмаар олборлох, үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж буй гэлээ. Гадаадын хөрөнгө оруулагч цөөнгүй түнштэй хамтран ажиллахаар анхан шатны хэлэлцээр хийсэн юм байна. Аль улстай, ямар түвшинд, хэрхэн хамтран ажиллах тухай мэдээлэл 2021 он гараад илүү тодорхой болох гэнэ.
Шинжлэх ухааны академиас энэ онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны зарим ажлын тайлангаа аравдугаар сарын эхний долоо хоногт танилцуулсан. Тус хүрээлэнгийнхэн “Монголын хүнд баяжигдах газрын ховор элементийн хүдрийг баяжуулах технологийн судалгаа” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд газрын ховор элементийн хүдрийг иж бүрэн боловсруулах цогц судалгааг Өмнөговь аймгийн Хотгорын орд дахь апатитын хүдэрт хийжээ. Энэ талаар тус академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа “Бид урд хөршийн эрдэмтэдтэй хамтран, Хотгорын ордын хүдрийг баяжуулах туршилт, судалгааг хүдрийн бүрэлдэхүүний өвөрмөц шинж чанар, баяжуулах материал дахь хүдрийн бус эрдсүүдийн төрөл, агуулгаас хамааруулан тооцсон. Технологи боловсруулсны дүнд хөвүүлэх аргаар баяжуулах үндсэн параметрүүдийг тогтоон, 12 хүртэлх хувийн агууламжтай баяжмал гаргалаа. Газрын ховор элементийн агууламж бага мэт сонсогдож байгаа ч Хотгорын ордоос баяжуулах хамгийн дээд хэмжээ гэсэн үг. Энэ мэтээр мэргэжлийн хэллэгээр тайлбарлавал олон нийт ойлгоход төвөгтэй бөгөөд багагүй цаг зарцуулна. Өөрөөр хэлбэл, Газрын ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь алт, зэс, төмөр, нүүрс гэх мэт бусад ашигт малтмалынхаас өөр. Технологи, мэдлэг, ур чадвар дутан, хүндрэл нэлээд гарна. Гэхдээ бэрхшээлээ тоочоод байвал эл салбар хөгжихгүй. Тиймээс төр, хувийн хэвшил, судалгааны хүрээлэн гэсэн гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх учиртай. Судлаачид бид хүдрээ баяжуулж, баяжмалаа боловсруулах технологи нэвтрүүллээ. Цаашид төр, засаг энэ салбарыг хөгжүүлэх, эсэхэд онцгой анхаарч, баримтлах бодлогоо нарийн тодорхойлж, хувийн хэвшил, судлаачидтайгаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй” гэлээ. Эндээс харахад манай улсад газрын ховор элементийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний нөөц бий. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тус эрдсийн ордын хайгуулын цөөнгүй лицензийг эзэмшсэн хэвээр байна. Нөгөө талаас эрдэмтэд зарим ордоос гарах баяжмал, хүдэр дэх эрдсээ хамгийн дээд агууламжтайгаар олборлон, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахаа илэрхийллээ. Харин төр, засгийн зүгээс уг салбарт ямар бодлого баримтлахаа нууцалж буй, эсвэл эцэслэн шийдээгүй бололтой. Сонирхуулахад, газрын ховор элементэд тооцогддог скандий өчигдрийн байдлаар нэг грамм нь 44, неодим нэг тонн нь 41 000 орчим ам.долларын ханштай байв.