Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Билгэх баян бүрд гэх газраас малчин Ц.Энхмандал хонио хариулж яваад их элсэн дундаас бурхан шашны эртний олдвор олжээ. Тодруулбал, Ялгуусан суварга хоёр ширхэг, богд зонхова бурхан түүний хоёр шавь, бурхан багш, жанрайсиг, манал, ногоон дарь эх зэрэг бурхдууд, зэс тагш, тахил зэрэг 19 дэсийн 34 ширхэг олдвор элэгдэж муудсан модон хайрцганд бөөн байсныг олж аймгийнхаа Угсаатны зүйн музейд хүлээлгэн өгсөн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн олдвор олж, өвлүүлэн үлдээсэн иргэнийг шагнаж урамшуулдаг. Иймд иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж түүнд аймгийн ЗДТГ-ын зүгээс 4,8 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.
Одоогоор олдворуудыг судалж шинжлэн цаг хугацааны хувьд хэдий үед хамаарах, хийц хэв маягийг тогтоох судалгааны ажил хийж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.