“Засвар хийх нэрийдлээр “Аса” циркийг нурааж байна” хэмээн улсын циркэд өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн жүжигчдээс мэдээлэл ирүүлэв. Энэ дагуу тухайн газарт очлоо. Циркийн гадна ковш, шанагатай трактор, экскаватор зэрэг хүнд машин, механизм байршуулж, битүү хашаалжээ. Харуул хамгаалалтынхан нь сурвалжилга хийхээр очсон биднийг дотогш нэвтрүүлэхгүй, хөөж тууж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр аравдугаар сар гарснаас хойш энд засвар хийх нь битгий хэл, цирк рүү нэг ч амьд амьтан орж, гарч үзэгдээгүй гэнэ. Хамгаалалтынхан энд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй удаж байна хэмээн эх сурвалжийн хэлснийг бататгасан. Циркийг хувьчлахаас нь өмнө энд ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хийж байсан Д.Зоригтоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Аса” циркэд юу болоод байгаа юм бэ. Жүжигчдийг хөөж гаргасан. Одоо бүр байрыг нь нурааж байна гэх юм.
-13 жилийн өмнөөс л циркийг нурааж, сөнөөж эхэлсэн. Циркчдийг дэндүү доромжилж дээрэлхэж байна. Хавар засвар хийх нэрийдлээр битүүмжлээд авсан. Тэгээд хүзүүвчийг доторх нурааж, дасгал сургуулилт хийдэг манежийг нь нураачихлаа шүү дээ. Эргээд циркийн зориулалтаар нь барина гэдэг худлаа шүү дээ. Одоо орон нутгийн сонгууль өнгөрлөө энэ циркийн асуудал мартагдана. Улстөрчид Асашёорюү Д.Дагвадорж, аварга Д.Сумъяабазар нараас үхтлээ айдаг юм байна. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хүртэл тэднээс айгаад тохирцоно ч гэх шиг сонин зүйл ярьсан байсан. Ер нь төр засгийнхан ч хулчгар байна.Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын “найруулга”-аар циркийг сөнөөсөн дөө.
-Одоо та бүхэн хаана уран бүтээлээ хийж байна вэ?
-Ерөнхийдөө бүх циркчид гудамжинд гарсан шүү дээ. Би байр түрээсэлж, нугарагчдаа дасгалжуулдаг. Манай “Шинэ цирк”-ийнхэн сард 2.5 сая төгрөгөөр байр түрээсэлж, 40-50 хүүхэд дасгалжуулдаг. Экспортын бараа гэдэг шиг Монголд циркийн байр, мэргэжлийн тайзгүй учраас хэдэн хүүхэд маань гадагшаа явж л уран нугаралтын үзүүлбэрээрээ эх орныхоо нэрийг гаргадаг даа. “Аса” Д.Дагвадорж том том дуугарахаас бус, амьдрал дээр хэрэгжүүлсэн бодит зүйл алга. Дашчойлин хийдийн ойролцоо байдаг байрыг хавар мэргэжлийн хяналтын байгууллагаас акталж, дотор нь үйл ажиллагаа явуулахыг нь хориглолоо.
Түүнчлэн төрөлх цирктээ санаа зовж, нөхцөл байдлыг үзэхээр ирсэн ахмад циркчдийг дотогш оруулахгүй хөөдөг аж. “Аса” циркийнхэн Монгол Улсын Консерваторийн удирдлагад 2021 оноос өмнө циркээ ашиглалтад оруулна гэх утгатай албан бичиг илгээсэн байна. Энэ талаар тус Консерваторийн Циркийн тэнхимийн эрхлэгч Х.Ганболдоос тодруулахад “Тийм албан бичиг ирсэн. Биднийг дотогш оруулдаггүй учраас засаад байна уу, нураагаад байгаа юм уу мэдэхгүй. Ямартай ч он дуусахаас өмнө засвараа дуусгаж, мэргэжлийн циркчдийг бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангана гэсэн. Бид хүлээж байна” гэв.