Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш буюу 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гомдол, маргааныг шийдвэрлэх харъяаллыг танилцуулъя.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар:
81.1 Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд тухайн гомдол, маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.
81.2 Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана.
81.3 Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
81.4 Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй.
81.5 Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
81.6 Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ДАРААХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ХЭРЭГ БҮРТГЭЛ, МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛНА
Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх;
(Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 14 дүгээр бүлгийн 14.5 дахь хэсэг)
- Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг,
- Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж;
- Хууран мэхэлж;
- Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх;
(Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 14 дүгээр бүлгийн 14.6 дахь хэсэг)
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах;
(Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэг)
Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эсвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан, дэмжсэн, санал хураалтын дүнг өөрчилсөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах
(Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 14 дүгээр бүлгийн 14.8 дахь хэсэг)
- Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр
хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан, ажилтан үйлдсэн бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах
(Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 14 дүгээр бүлгийн 14.9 дэх хэсэг)
Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор эрүүгийн хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн Тагнуулын байгууллагад Зөрчлийн хуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 35. 36 дахь хэсэгт заасан дараах зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр харьяалуулсан.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 17 дугаар зүйл:
35. Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, дамжуулахад саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
36. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж буй мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй хүн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.