Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ) Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд өнгөрсөн оны аравдугаар сард оруулсан. Манай улсыг дээрх жагсаалтаас хасах, эсэх эцсийн шийдвэр гаргахын өмнөх газар дээрх шалгалтыг ФАТФ-ын багийнхан энэ сарын эхээр хоёр өдөр хийсэн билээ. Уг асуудлыг шийдвэрлэх, ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурлыг Монголын цагаар өчигдөр орой онлайнаар зохион байгуулжээ. Энэ үеэр манайд ирж ажилласан багийнхан тайлангаа танилцуулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. Тус багийнхан Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах санал дэвшүүлэхэд дээрх хуралд оролцсон, 100 гаруй орны төлөөлөгч бүгд дэмжсэн байна. Ингэснээр манай улсыг “саарал жагсаалт”-аас гаргах шийдвэрийг энэ сарын 21-23-нд болох, ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.