Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар томилжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр ирэх дөрвөн жилд Тавантолгойн ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих мега төслийг удирдах нь. Тавантолгойн ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах талаар олон жил ярьж байна. Засгийн газраас цахилгаан станц барих суурь судалгааг хийх төслийн нэгжийг байгуулан, Ерөнхий сайд асан М.Энхсайханаар удирдуулж байсан. Тэрбээр станц барих газрыг сонгон, техникийн нөхцөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийх гэх мэт суурь судалгааг гүйцэтгээд, хөрөнгө оруулагчдыг нь сонгон шалгаруулсан.
...Станцыг барьснаар улс орны эдийн засаг, аюулгүй байдалд олон давуу тал үүсэх юм. Станцыг барьснаар өмнөд хөршөөс эрчим хүч худалдан авахад жилд зарцуулж буй 120 сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэнэ. “Оюутолгой”, “Тавантолгой” болон түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах эх үүсвэртэй болно. Монгол Улс өмнөд хөршөөсөө эрчим хүчний хараат бус болох юм...
Тавантолгойд цахилгаан станц барих төслийн хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорац шалгарч байлаа. Гэвч үйлдвэрлэсэн эрчим хүчнийх нь дийлэнхийг худалдаж авах “Оюутолгой” компанийн гол хөрөнгө оруулагч “Рио тинто”-той үнэ тариф, санхүүжилтийн баталгаа гаргах хэлэлцээрт тохиролцоонд хүрээгүй. Тиймээс төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан билээ. Хэлэлцээрийн мэдээлэл олон нийтэд ил болоогүй ч эх сурвалжууд “Рио тинто” групп “Марубени” корпорацын төслийг хэрэгжүүлэх зээл авахад нь баталгаа гаргах саналаас нь татгалзсан учраас ажил урагшлаагүй гэж ярьдаг. Сонгон шалгаруулсан хөрөнгө оруулагч татгалзсанаар цахилгаан станцыг барих шинэ хувилбарыг эрэлхийлэх шаардлага үүссэн. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн цуцалснаар шинэ шийдэл гаргах ажил улам идэвхэжсэн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд төслийн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд компани дотоодоос эрчим хүч авах заалт бий. Засгийн газар болон “Оюутолгой” компани дээрх гэрээг байгуулснаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан үүргийг түдгэлзүүлээд байсан юм. Гэрээг цуцалснаар “Оюутолгой” компани дөрвөн жилийн хугацаанд амжиж, дотоодоос эрчим хүчээ худалдан авах нөхцөл дахин үүссэн.
Гарц эрэлхийлсэн “Оюутолгой” компанийн гол хөрөнгө оруулагч өөрсдөө цахилгаан станц барих судалгааг хийж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Тэдний хийсэн техник, эдийн засгийн үндэслэлээр нэг тэрбум гаруй ам.доллароор цахилгаан станц барих байв. Мөн эл санхүүжилт “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтад тооцогдох нөхцөлтэй байлаа. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нийцэх шийдэл биш байсан. Тиймээс Засгийн газар нөөц бололцоогоо дайчлан, “Оюутолгой”-н хийсэн техник, эдийн засгийн үндэслэлээс 30 хувийн “Зам нь шуударсан” Тавантолгойн цахилгаан станцхямд өртгөөр цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн билээ. Хоёр тал Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг 2018 онд байгуулж, “Оюутолгой” төслийг дотоодын эрчим хүчээр хангах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон байдаг. Нэг талаар уг гэрээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан дөрвөн жилийн хугацаанд дотоодын зах зээлээс эрчим хүч авах үүргийг хойшлуулсан зохицуулалт байв. Засгийн газар өөрийн удирдлага, хөрөнгө оруулалтаар Тавантолгойд цахилгаан станцыг барих шийдвэр гаргаснаар дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, хоёр тал энэ онд батлаад байна.
Гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэтрүүлэхгүйгээр “Оюутолгой” төслийн ӨМӨЗО-ноос эрчим хүч худалдаж авах сунгалтын гэрээг хийх, тус сарын 31-нээс өмнө станцаас цахилгаан эрчим хүч худалдаж авах гэрээг байгуулах үүрэг хүлээсэн. Үүнээс гадна ирэх оны долдугаар сарын 1-нээс өмнө төрийн өмчит цахилгаан станцын барилга угсралтыг эхлүүлэх, үүнээс хойш 48 сарын дотор ашиглалтад оруулж, “Оюутолгой” төслийг эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах үүрэг хүлээгээд буй.
Тавантолгойн ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангах зам ийнхүү шулуудлаа. Одоо бүх зүйл Засгийн газрын менежментээс хамаарна. Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 734 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог Эрчим хүчний яамныхан хийсэн. Дээрээс нь 56 орчим сая ам.долларын хөрөнгөөр эрчим хүчний шугам татах, дэд станц барих зэрэг цахилгаан станцын дагалдах дэд бүтцийг байгуулах юм байна. Ингэснээр цахилгаан станцыг барихад нийт 780 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болох нь.
Засгийн газар цахилгаан станцыг өөрсдөө барих шийдвэр гаргах үедээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны цэвэр ашгаас санхүүжүүлнэ, бүр боломжгүйд хүрвэл бонд гаргана гэж мэдэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани цахилгаан станцын хувьцааны 30 хувийг эзэмшихээр тохиролцжээ. Тус компанийнхан өөрийн хувь эзэмшилд тохирсон хөрөнгө оруулалтыг хийх гэнэ. Станцыг барих нийт хөрөнгө оруулалт 780 сая гэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани 230 орчим сая ам.долларын санхүүжилт хийх юм байна. Тус компанийн хөрөнгө оруулалт станцыг барих гарааны санхүүжилт болох аж. “Эрдэнэс Тавантолгой” компани цахилгаан станцад жилд хоёр сая орчим тонн нүүрс нийлүүлж, оронд нь цахилгаан эрчим хүч авах гэнэ.
Засгийн газар үлдсэн 550 сая ам.долларын санхүүжилтийг “олно”. Эх сурвалжийн мэдээлснээр тус цахилгаан станцын хувьцааны 40 орчим хувийг Эрчим хүчний яам эзэмших бололтой. Үлдсэнийг нь өөр байгууллагад эзэмшүүлэхээр яригдаж байгаа аж. Тэгэхээр хөрөнгө оруулалт татах өөр эх үүсвэрийг ч эрэлхийлж, ийм шийдэл гаргаж байна гэж таамаглая. Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтан цахилгаан станцын хувьцааг хэн, хэн эзэмшихийг эцсийн байдлаар тогтоогоогүй, нээлттэй хэвээр байгааг дуулгасан. Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн захирал нь томилогдож, цаашид гардан хариуцах эзэнтэй болсон учраас компанийн хувь эзэмшлийг тогтоох, санхүүжилт татах ажил эрчимжих биз.
Цахилгаан станцыг барьсны дараа “Оюутолгой” компани оргил ачааллынхаа үед 250 МВт хүртэлх эрчим хүч худалдаж авах тооцоотой. Мөн дээрээс нь тэдний үйлдвэрлэсэн 100 МВт цахилгааныг нөөцдөө авахыг эх сурвалж баталж байна. Тэгэхээр цахилгаан станц үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ дийлэнхийг нэг худалдан авагчид борлуулах нь. Үлдсэнийг нь говийн бүсийн уурхайнууд, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлнэ.
Уг станцыг барьснаар улс орны эдийн засаг, аюулгүй байдалд олон давуу тал үүсэх юм. Станцыг барьснаар өмнөд хөршөөс эрчим хүч худалдан авахад жилд зарцуулж буй 120 сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэнэ. “Оюутолгой”, “Тавантолгой” болон түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах эх үүсвэртэй болно. Монгол Улс өмнөд хөршөөсөө эрчим хүчний хараат бус болох юм. Үүгээр зогсохгүй ажлын байр бий болох, станцыг дагаж, хот суурин баригдах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих гэх мэтээр эдийн засгийн микро түвшинд ч олон эерэг нөлөө үзүүлнэ. Олон жил дуншсан Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих ажил ийн шуудрав.