Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв.
Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчинтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн 10, 11 дүгээр саруудад нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1 дүгээр саруудад явагддаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2216 ор байдгаас 1123 нь хүүхдийн ор байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж байна. Нийт талбай дээрх үлдэгдэл 3948 тонн байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээлт хийж байна. Өчигдрийн байдлаар 259 удаагийн ачилтаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэг рүү явуулсан. Нэг цэг рүү явуулж байгаа дундаж хэмжээ нь 8 тонн. Энэ долоо хоногоос борлуулалтын цэгийг 586-д хүргэнэ. Орон нутгаас иргэд болон оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарч байна” гэлээ. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараах асуудал хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд өөрсдөө угаарын хий мэдрэгчээ авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд энд хяналт тавьж ажилла” хэмээв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр “Холбогдох харьяа байгууллагууд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Олон төсөл хөтөлбөр хэрэгжихэд хяналт тавих асуудал дутагдалтай байгаа гэдгийг холбогдох байгууллагын удирдлагуудад хандаж хэлмээр байна” гэв.
Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр “Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцож ажилла. Хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооц. Сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15 гэхэд дуусга. Дулааны шугам сүлжээний компанийн удирдлагууд хуралд суумаар байна. Сайжруулсан түлшний хангалтын асуудал чухал. Нөөцөө боломжит бүх хувилбараар нэмэгдүүл. Нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын цэгийн нэмэгдэлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Түүхий нүүрсний хяналтыг нэмэгдүүлж ажилла. Замын хөдөлгөөний түгжрэл ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, ажил эхлэх, тарах цагт зөв зохион байгуулалтыг хийх шаардлагатай байна. Явган зорчигч болон сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдалд холбогдох газрууд анхаарч ажилла. Үүнтэй холбоотой олон нийтэд уриалга гарга. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай. Сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиулж ажиллах хэрэгтэй” хэмээлээ.
Мөн “Нийслэлийн өдрийн бэлтгэл ажлаа хангаж ажилла. Боловсролын газар сургуулийн автобусны ажлаа эрчимжүүл. Хүүхдүүддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол бүх нийтийн ажил. Нийгэм дэх муу муухай зүйлийг таслан зогсооход бүгд анхаарч ажилла. Дор бүрнээ хариуцсан ажлаа эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Ажлыг хийхэд хөрөнгө мөнгө дутаж болно, гол нь сэтгэл хандлага хэрэгтэй” гээд өгсөн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудыг хариуцлагатай хийж гүйцэтгэхийг анхааруулсан юм.