Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан замын түгжрэлүүдийн талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Бээжин, Хятад: 2010 оны наймдугаар сард гарсан замын түгжрэлээр 100 км урт автомашины дараалал 12 өдрийн турш үргэлжилжээ. Энэхүү түгжрэлийн шалтгаан нь Бээжин-Төвдийн хоорондох хурдны замыг иргэд хаах гэж оролдсоноос болсон аж. Түгжрэлийн улмаас олон тооны машин болон Бээжин хот руу барилгын материал зөөж байсан том оврын автомашинууд олон хоногоор саатсан байна.
Бетел, Нью-Йорк: 1969 оны наймдугаар сар. Тухайн үед Вүүдстокийн хөгжмийн фестивальд 500,000 үзэгч иржээ. Гэвч бороо манан ихтэй байсан учраас 32 км урттай гурван өдрийн турш үргэлжилсэн түгжрэл үүсжээ. Эцэст нь түгжрэлээс залхсан иргэд замын голд машинаа орхиж явахад хүрсэн байна. Нью-Йорк мужийн захиргаа орхигдсон машинуудыг хүчээр замаас зайлуулж, нисдэг тэрэг оролцуулан зохицуулж, хэвийн урсгалд оруулсан байдаг.
Чикаго, Иллиноис: 2011 оны хоёрдугаар сарын 1. Винди хотод 50 см-ийн зузаантай цас орсны улмаас уг түгжрэл үүсжээ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж жолооч нар есөн цагийн турш халтиргаатай зам дээгүүр явах хэрэгтэй болсон юм.
Зүүн, Баруун Герман: 1990 оны дөрөвдүгээр сар. Берлиний хана нурж хоёр Герман нэгдэх үед зам дээр 18 сая автомашин оролцсон томоохон түгжрэл үүсжээ. Гэвч энэ нь түгжрэл гэхээсээ илүүтэй баярт үйл явдал болж байсан юм. Учир нь хоёр Герман улс нэгдсэнээр хоорондоо 45 жил тусгаарлагдсан ах дүү, хамаатан садангууд уулзах боломж тохиосон байдаг.
Интерстэйт, Техас: 2005 оны есдүгээр сар. Рита хар салхины үеэр Хьюстон хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 2,5 сая оршин суугч зам дээр түгжрэн 160 км-ийн урттай 48 цаг үргэлжилсэн цувааг үүсгэсэн юм. Хэдий түгжирсэн ч энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаар олон хүний амь насыг хар салхинаас аварч чадсан билээ.
Леон-Парис, Франц: 1980 оны хоёрдугаар сар. Өвлийн амралтаасаа Парис руу буцаж байсан амрагчдын цуваа зам дээр ихэссэнээс болж түүхэндээ хамгийн урт буюу 175 км-ийн урттай түгжрэл үүссэн юм. Гэхдээ энэ түгжрэлд цаг агаарын байдал ихээр нөлөөлжээ.
Москва, ОХУ: 2012 оны арваннэгдүгээр. Санкт-Петербургээс Москва орох зам дээр цаг агаарын улмаас 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд томоохон түгжрэл үүссэн юм. Энэхүү түгжрэл гурван хоногийн турш үргэлжилжээ. Засгийн газраас шаварт суусан жолооч нарт хоол хүнс майхан зэргээр тусалж байсны зэрэгцээ тусламжид архи хүртэл багтаж байсан гэдэг.
Нью-Йорк, АНУ: 2001 оны есдүгээр сарын 11. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу Аль-Кайда бүлэглэлийн террористууд онгоц хөлөглөн халдсаны дараа Нью-Йорк хотын тэн хагас нь замын түгжрэлд оржээ. Бүх зам харилцаа хаагдаж зөвхөн түргэн тусламж, аврах ангийнхныг зорчуулж байсан юм. Мөн энэ өдөр АНУ-ын бүх агаарын нислэг цуцлагдаж мянга мянган зорчигч нисэх буудлууд дээр саатаж байжээ.