Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан билээ. Өчигдөр тус намынхан Сүхбаатарын талбай дээр цуглаж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Доржханд дээрх асуудлаар Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярихдаа "Бие даасан шүүхийн шийдвэр бол аливаа улсын эрх чөлөөний амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг хамгаалагч нь шүүх юм. Гэтэл Монгол Улсад ардчилсан сонгууль болох боломжгүй болчихлоо. Захиргааны хэргийн шүүхийн ганцхан шүүгч бүхэл бүтэн намыг, бүхэл бүтэн сонгуулийг гацаалаа. Бид дүүргийн сонгуульд оролцох эрхээ авсан ч нийслэлийн сонгуульд оролцох эрхээ авсангүй.
Өчигдөр энэ асуудлаар маш олон залуус үзэл бодлоо илэрхийлсэн. Харин одоо миний бие хуулийн байгууллага, УИХ-ын гишүүд, нам төлөөлж байгаа эрхэм хүмүүсийг байр сууриа илэрхийлэхийг уриалж байна. Энэ нь нэг хэсэг хүмүүсийн сонгуульд орж ялах асуудал биш. Ардчиллаа хамгаалах асуудал юм. Монгол Улсын ардчилал шүүгчдийн хонгилоор замхарч байна.
Иймд маргааш бид хэсэг УИХ-ын гишүүдийн хамтаар шүүхийн шинэчлэлийн хуулийн төсөл буюу шүүхийн хараат бус, бие даасан үйл ажиллагаатай холбоотой хуулийн төсөл өргөн барина. Үүнийг маш яаралтайгаар хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын даргад тавих болно.
Ирээдүйн Монголын үр садад эрх чөлөөт нийгмийг бий болгоход итгэл үнэмшилтэй байгаарай гэж иргэдээсээ хүсэж байна. Хэрэв зээ эрх баригчид дахин хонгил үүсгэвэл бид улс төрийнхөө акцыг төв талбайд биш төрийн ордонд хийх болно.
Эцэст нь нэмж хэлэхэд, энэ бүх үйл ажиллагааны ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Түүний төлөөлөгч нь бидэнд АН, МАХН, ШИНЭ намтай эвсэж сонгуульд оролцох санал тавьсан. Мэдээж бид тус саналыг хүлээж аваагүй. Үүний хариуд Ерөнхийлөгчийн захиалгаар шүүх шийдвэр гаргасан. Энэ талаарх бүх баримт бидэнд бий. Бид хэн нэгний шахаагаар хэзээ ч ажиллахгүй" гэлээ.