Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад гарч явахдаа Гадаад харилцааны гадаа БНХАУ руу гарах хүсэлтээ өгсөн иргэдтэй таарав.
Иргэд ерөнхий сайдад Гадаад харилцааны яам визний тодорхой хариу өгөхгүй байна хэмээн өөрсдөд тулгараад байгаа асуудлаа илэрхийлэв. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигийг дуудан гаргаж ирээд, "Энэ асуудлаа хурдан шийдэж өг. Өдөр болгон иргэдийг яамны гадаа суулгаад хүнд суртал битгий үзүүлээд бай. Учир байдлыг нь тайлбарлаж, болох бол болохыг нь, болохгүй бол болохгүйг хэлж асуудлыг шийд. Ажлаа дорвитой хий" хэмээн хэллээ.
Одоогийн байдлаар БНХАУ руу явах 109 иргэн хүсэлтээ өгсний 56 иргэний виз гарсан байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлсэн юм.