Улаанбаатар хотын хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Есдүгээр сарын 10-ны байдлаар нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 327 аж ахуй нэгж байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.
“Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 111 аж ахуй нэгж, байгууллагад улсын (ахлах) байцаагчийн 341 заалттай 111 нь албан даалгавар хүргүүлж 134.850,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан биелэлтэд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон ХУД-ийн 11-р хороонд Хурд майннинг ХХК, СБД-ийн 1-р хороонд Санкт ХХК-ий барилга угсралтын үйл ажиллагааг тус тус Прокурорын зөвшөөрлөөр түр зогсоогоод байна” гэж НМХГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн улсын ахлагч байцаагч Г.Ганпүрэв хэлэв.
НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш “Хотын стандартын газартай хамтран нийслэлийн хэмжээнд 286 хашаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 24 нь шаардлага хангасан, 123 нь стандартын шаардлага хангаагүй байсан ба 112 хашааны эзэмшигч ашиглагч нь тодорхойгүй байсан тул Нийслэлийн засаг даргын 2020 оны тавдугаар сарын 21-ны өдрийн А710 тоот захирамжаар 86 газар эзэмших эрхийг цуцлуулж, 26 хашааны эзэмшигч өмчлөгчийг тодруулахаар холбогдох байгууллагад хандсан байгаа” гэлээ.
Мөн барилгын ажил эрхэлж буй нийт 327 аж ахуйн нэгж, байгууллага МХЕГ-НМХГ-ын даргын баталсан 3 удирдамжийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийн ажиллаж, дараах зөрчлийг илрүүлсэн байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53 хувь
- Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29 хувь
- Шинэчлэн батлагдсан /UCS0001-01:2019/ Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуульд заасан хэмжээгээр төсвийг баталдаггүй 60 буюу 18 хувийн зөрчлүүд эзэлсэн байна.