БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өчигдөр /2020.09.16/ өндөрлөсөн. Тус айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Айлчлалыг дүгнэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэлэхдээ "Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" гэж хэлсэн нь иргэд олон нийтийг бухимдуулсан. Учир нь тус мэдэгдлээр Монгол Улс өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалах боломжгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Тэгвэл дээрх мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Эмгэнэн гашуудаж байна. Монгол Улс төргүй болжээ. Уут уут мөнгөөр угсаагаа доромжилж байна. Хэдэн бор цаасаар эх хэлээ худалдсан, тор тор мөнгөөр төрлөө худалдсан малнууд л байна. Монгол төр монгол бичиг, соёлоо 700 сая юанаар зарчихлаа. Сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүд бүгд хужаа шүү" гэх тайлбар бүхий 40 минутын лайв хийжээ.
Лайвын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хандаж ийн ярив. "Тэр нэг Гадаад харилцааны яамны Н.Энхтайван гэж "гөлөг" байна. Би тэрнийг онцлоод гөлөг гэж хэлье. Тэрэнд хандаж хэлэхэд "Чи өнөөдөр хошного долоож, мөнгө самардаж суухынхаа оронд маргааш гараад энэ хятад сургуулиудыг хаагаач. Би чамд Монгол түмний өмнөөс тушаал өгч байна. Монголын газар нутаг дээр хятад хэл зааж байгаа ч дараа нь бидний хэл соёлыг хаах дээрээ тулна. Хэрэв маргааш энэ хятад сургуулиудыг хаахгүй бол Жавхлан миний бие тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хаана хүрэхийг нь хараарай" хэмээн мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, түүний хувьд энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Учир нь тэрбээр бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд "Би ганцаардаад байна" хэмээж гоморхож, улс төрийн тэмцэл огт хийгээгүйг ард иргэд харсан. Тиймдээ ч нутгийнхан нь түүнд дүнгээ тавьсан нь энэ байх. Харин ялагдсаныхаа дараа нутгийнхандаа хандаж "Миний дууг дахиж битгий сонсоорой" гэж мэдэгдсэн нь ард иргэдийн хөх инээдийг хүргэх шиг болсон. Тиймээс ч түүнийг анхнаасаа "Яах гэж улс төрд орсон юм бэ Жавхлан минь, дуугаа л дуулаад явж байхгүй дээ" гэж харамсах хүн олон.