Өчигдөр Гадаад харилцааны яамны өмнө иргэн Б.Аригууныг цагдаагийн алба хаагчид баривчилж байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Тус дүрс бичлэг нь олон нийтийн дунд ширүүн маргаан өрнүүлээд байна. Учир нь цагдаагийн алба хаагчид иргэнд хуулийн дагуу шаардлага тавиагүй, хууль журам танилцуулахгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан нь зарим иргэдийг бухимдуулав. Тэгвэл дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ГХЯ бол төрийн тусгай хамгаалалтад багтсан байгууллага. Тиймээс сэжиг бүхий этгээдийг цагдаагийн алба хаагчид шалгахаар шаардлага тавьсан юм билээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйлд заасанчлан “Цагдаагийн алба хаагч, хуулийн этгээд нь гэмт хэрэг, нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй түүнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлээс татгалзах эсхүл үйлдэл хийх шаардлага тавих” эрхтэй байдаг. Мөн хуулийн 25-р зүйлд зааснаар “Хүний нэр хаяг, тодорхой үйл ажиллагааг тодруулах зорилгоор бичиг баримтыг нь шалгах” эрхтэй. Харин тухайн үед иргэнд шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг иргэнтэй ямар байдлаар харилцсан түүнийг нь бол шалгах болно" гэдгийг мэдээлжээ.