Цахим орчинд Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд вирусийн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл уг мэдээллийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тайлбар өглөө.
Тэрбээр "Франц иргэн бидэнтэй холбоотой байж зөвлөгөө мэдээлэл авдаг. Франц иргэний талаар худал мэдээлэл тархсан. Энэ талаар түүнтэй холбогдоход шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлттэй байна гэсэн.
Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар хэлсэн байна. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан юм. Мөн тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн юм. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү. Франц иргэн худал мэдээлэл гарсанд их харамсаж байгаагаа бидэнд илэрхийлсэн.
Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажиллаж эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Эмч нар маань худал мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авахыг холбогдох албаныхнаас хүсэж байгаа юм" гэлээ.